Нууц мэдээллийн уурхай

Ц.БАЙГАЛМАА: MОНГОЛ БОЛ КООСЭН-Г СИСТЕМИЙН ДАГУУ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ОРОН

Нийтэлсэн: 2020-04-06 12:29:03

 Ц.БАЙГАЛМАА: MОНГОЛ БОЛ КООСЭН-Г СИСТЕМИЙН ДАГУУ НЭВТРҮҮЛСЭН АНХНЫ ОРОН /2018.11.06/

  Анх ер нь коосэн тогтолцоог оруулж ирэхдээ нэгэнт л Японы тогтолцоо учраас япон хэлээр нь заая гэж бас яригдаж байсан юм билээ. Харин тэр үед Японд төгсөөд ирсэн хүмүүс маань бид Монголдоо хүний нөөц бэлдэж байгаа учраас монгол хэлээр сургалтаа явуулах ёстой гэж үзсэн байдаг юм.

  Ц.Байгалмаа 20 гаруй жилийн өмнө Япон улсад Коосэн коллежид боловсрол эзэмшиж улмаар үргэлжлүүлэн суралцсаар тус улсад инженерийн салбарт докторын зэрэг хамгаалсан юм. Олон жил Японд сурч, ажиллахдаа Японы их сургуульд багшилж, цаашлаад Харвардын их сургуульд хүртэл судалгааны ажил хийж байсан туршлагатай тэрбээр одоо Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байна.

Японы Үндэсний Технологийн хүрээлэнгийн төлөөлөгчийн газрыг Монголд яагаад нээх болсон бэ?

 -Ер нь Коосэн сургалтын тухайд хэвлэлээр гарах нь сүүлийн үед идэвхжиж байгаа ч үнэндээ Монгол залуус Японы коосэн системийн сургалтад 1990-ээд оноос хамрагдаж эхэлсэн байдаг. Тухайн үед Япон улс капиталист орон тул манай зүгээс нийгмийн шинжлэх ухаанаас илүүтэй инженерийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр хоёр орны харилцаа явагдаж байсан гэсэн үг. Тэр үед Японд улсын 57 коосэн сургууль байсан бөгөөд гаднын орнуудаас ихэвчлэн Азийн хөгжиж байгаа орнуудаас тэтгэлэгтэйгээр оюутан сургадаг байсан. Энэ хүрээнд Монголоос ч бас оюутан сургаж байснаас хамгийн эхний жил тэнцэж явсан оюутан нь би байсан. Одоо бол Японд улсын дэмжлэгтэй 51 коллеж үйл ажиллагаа явуулж, үүнд манай улсаас жилд 20 орчим оюутан явж суралцаж байна.

 Коосэн сургалтын коллежуудыг бодлого, удирдлагаар хангадаг Үндэсний Технологийн Хүрээлэн гэж байдаг. Энэ нь бие даасан байгууллага хэдий ч, зардал нь төсвөөс хамааралтай Японд үйл ажиллагаа явуулж байгаа улсын бүх коллежуудаа бодлогоор хангаж, хүний нөөцийн бодлогоо явуулдаг. Нэгэнт манай улсаас энэ сургуулиудад өнөөг хүртэл 350 орчим оюутан суралцаж төгссөн, одоо жилдээ 20 орчим оюутан явж байгаагийн хувьд энэ сургалтын систем анхаарал татах нь гарцаагүй. Мөн манай улсын хувьд коосэн системийн сургалт 2014 оноос нэвтэрч одоо ШУТИС-ийн дэргэд, Техник технологийн дээд сургууль болон “Шинэ Монгол” Эрдмийн Хүрээлэнгийн дэргэд гээд гурван коосэн сургууль байна. Эдгээр нь Японы коосэн сургуулийн хөтөлбөрийг аль болох тэр хэвээр нь загварчилж, үүнийг Японоос ирсэн багш нар дэмжин ажиллаж буй. Тиймээс Японы талаас энэ сургалтыг дэмжих, нэг цонхоор, нэгдсэн бодлоготойгоор үйл ажиллагааг нь хөгжүүлэх үүднээс Төлөөлөгчийн газраа 2016 оны арваннэгдүгээр сард байгуулсан. Улмаар дараа жил нь Тайланд, Вьетнамд гэхчлэн байгуулсан юм билээ.

Манай улсад коосэн гурван сургууль байгаа нь тооны хувьд хэр зэрэгт тооцогдох вэ? Ер нь гадаадад сургалтын тогтолцоогоо хэрэгжүүлсэн ийм тохиолдол хэр их вэ?  

  -Их биш ээ. Монгол бол яг системийн дагуу нэвтрүүлсэн анхны орон. Вьетнамд улсын бодлогоор Боловсролын яамны дэргэдээ бодлогын газар байгуулж сургуулиудаа стандартжуулсан бол Тайландад нэрэнд нь баригдалгүй технологийн боловсрол хэрхэн олгодог арга, хэлбэрийг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлэх байдлаар явж байгаа. Ер нь хэлбэр, нэрэндээ биш энэ сургалтын агуулга нь илүү ач холбогдолтой юм л даа.

Энэ асуултыг тавьсан учир нь өөр улсуудад биш Монголд яагаад салбараа анхлан нээсэн юм бэ гэдгийг сонирхох гэсэн юм.

 -Ер нь анхны санаачлагыг Японд коосэн төгссөн залуус гаргасан гэж болно. Тэд маань сургуулиа дүүргээд тэндээ тодорхой хугацаанд ажиллаж, хөдөлмөрлөөд Монголдоо ирэхдээ өөрсдийн сурч байсантай адил сургууль байгуулъя гэж санаачилсан. 2009 онд коосэн төгсөгч залуус Токиод уулзаж ярилцаад ер нь улс орондоо очиж ажиллах хүсэлтэй ч, бүтээн байгуулалтын салбар орхигдоод, нарийн мэргэжилтэй хүмүүс дутагдаад байгааг анзаарч л дээ. Энэ ажлыг Японд тэтгэлгээр суралцаж төгссөн А.Ганбаяр агсан манлайлж, 2014 онд ШУТИС-ийн дэргэдэх Коосэн сургуулийг байгуулсан байдаг. Мөн 2013 онд Япончуудын дэмжлэгтэйгээр Техник технологийн дээд сургуульд загвар анги гэж байгуулагдаж шаардагдах дэмжлэг, туслалцааг Японы талаас үзүүлсэн юм билээ. Улмаар 2016 онд Дээд боловсролын тухай хуульд коосэн япон загварыг технологийн инженер бэлтгэх тогтолцоо мөн гэж баталснаар стандарт тогтсон.

Тэр үед санаа нийлсэн монгол залуус яг ямар онцлогийг нь мэдрээд Монголд коосэн системийн сургалт нэвтрүүлэхийг зорьсон юм бэ? Хэрэв зөвхөн инженер бэлтгэхийг зорьсон бол манайд МСҮТ бий, эсвэл ШУТИС ч бас маш олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг олон оюутантай сургууль шүү дээ. Эдгээрээс юугаараа ялгаатай юм бэ?

 -Тийм ээ, манайд инженер бэлдэж байсан уу байсан. Гэхдээ яг үнэндээ өнөөгийн боловсролын тогтолцоог ажил олгогчдын зүгээс эсвэл хүүхдээ сургуульд оруулсан ээж, аавын өмнөөс харвал сэтгэл хангалуун байх уу гэдэг эргэлзээтэй байна. Би үүнийг Японд очоод мэдэрч байсан юм. Учир нь манайд инженерийн сургалт явуулахдаа танхимын сургалт түлхүү ордог, дөрвөн жилийн гурвыг нь лекц сонсоод өнгөрүүлдэг. Сүүлийн жилдээ дипломын ажил хийхдээ л лабораторийн, туршилтын ажил хийгээд дуусна. Ийм дээд боловсрол эзэмшсэн инженерүүдийг ажил олгогчид, ялангуяа аж үйлдвэрийн салбарт дахин сургах шаардлагатай болдог гэх судалгаа байдаг. Үүнийг 2017 онд “Жайка” байгууллагаас Монголд судалж нэг ёсондоо онолын мэдлэгтэй бакалаврын боловсролтой инженерүүд маань практик туршлага бага учраас үйлдвэрлэлийн орчинд ороод шинэ техник, технологийг мэддэггүй тухай дүгнэсэн байдаг. Сургалтын орчны хувьд ч шинэ тоног төхөөрөмж тэр бүр нэмдэггүй, хуучин дээрээ л яваадаг байдаг, хэт их онол уншсан хүмүүс маань ажлын талбарт хүндрэлтэй байдаг.

 Тэгвэл МСҮТ-ийн хувьд төрөөс дэмжиж байгаа ч энд мэргэжлийн ур чадвар олгодгоос мөн л тоног төхөөрөмжөөс эхлээд нөхцөл байдал тааруу. Түүнчлэн гоо сайханч, хүнсний технологич зэрэг мэргэжил олгодгоос биш яг нарийн мэргэжлийн инженер бэлтгэдэггүй. Харин коосэн боловсролын тогтолцоо нь дээрх хоёр сургалтын яг зааг дээр онолын өндөр мэдлэгтэй, техник технологийн талаар шинэлэг мэдлэгтэй, ур чадвартай инженерүүдийг сургадаг. Сургуулиа төгсөөд инженерээр ажиллахад хаа ч гологдохгүй, онолын мэдлэгээ ахиулаад суралцъя гэсэн ч боломжтой тийм л мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар Японд коосэн төгсөгчдийн 40 хувь нь үргэлжлүүлэн суралцаж магистр, докторын зэрэг хамгаалсан байдаг. Миний хувьд ч анх коосэн коллежид суралцсан бол улмаар эрдмийн зэрэг хамгаалж Харвардын их сургуульд хүртэл судалгаа хийж байсан маань шинжлэх ухааны онолын суурь мэдлэг хангалттай тавигдсаныг илтгэх болов уу. Ер нь коосэн сургалтын гуравны нэг нь онол, цаашлаад онолоо турших лабораторийн ажил, тэгээд үйлдвэрлэлийн байран дахь сургалтууд гэсэн бүтэцтэй гэж болно. Японд очоод үзвэл сургалтын орчин, тоног төхөөрөмж, материалын бааз нь ч маш сайн байдаг.

Коосэн төгсөгчид өнөөдөр манай хөдөлмөрийн зах зээлд бий юү?  

 -Өнөөдрийн байдлаар алга. Манай сургуулиуд ирэх жил анхны төгсөлтөө хийнэ. Энэ төгсөгчид маань зах зээлд чадвартай хүний нөөц болоосой л гэж бид ажиллаж байна. Японоос ирсэн манай багш нар ч ирэхээрээ лаборатори, туршилтын ажил хийх тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн болон удирдах багш нараа бэлдэх нь үүний үндэс гэдэг. Тэр ч утгаараа манай төлөөлөгчийн газраас энэ ажилд чухал ач холбогдол өгч байгаа. Японоос олон тооны багш нар ирж, өнөөдөр манай гурван сургуульд зааж байгаа багш нарт ур чадвар олгож байна.

Одоо манай улсад коосэн системийн сургуульд хэдэн оюутан суралцаж байна вэ?

-Нийт 700-800 оюутан байна. Ер нь нэг хичээлийн жилд нэг сургууль 100 хүүхэд элсүүлэх зорилт тавьж ажилладаг. Хэт олон сургууль, олон оюутантай болбол “борооны дараах мөөг” гэдэг шиг болох юм бол чанар нь унана, хэчнээн тусламж, дэмжлэг авлаа ч шингээж чадахгүй бол дэмий. Тиймээс энэ түвшинд байхдаа хангалттай гэж бид үздэг.

Энэ төрлийн сургуулиудыг байгуулахдаа Японд төгсөгчид ярилцаад олж авсан боломжоо бусадтай хуваалцахыг зорьсон гэдгийг Та дээр хэлсэн. Үүнээс гадна Японд төгсөгчид хандлага, төлөвшлийн хувьд бусдаас ялгарах нь бий. Энэ тухайд ярьж өгөөч.

-Японд боловсрол эзэмшээд эсвэл сургуульд сураагүй ажил, хөдөлмөрлөөд 3-5 жил болоод ирсэн хүний төлөвшил жаахан “японжуу” болсон байдаг юм билээ. Японы нийгэм бол өндөр хариуцлагатай нийгэм, мөн багаар ажиллаж байж амжилтад хүрдэг учраас тэр нийгэмд сурч боловсорсон, аж төрсөн хүмүүст өөрийн мэдэлгүй тийм төлөвшил суудаг байх. Хүний үг сонсдог, аливаад няхуур ханддаг, тууштай бас өөрийгөө дайчилдаг. Би өөрөө Японд байхдаа ч гайхаж хүлээн авдаг байсан зүйл нь япон оюутнуудын хөдөлмөрч, тууштай байдал. Хариуцлага өндөртэй, өрсөлдөөн ихтэй газар амжилттай явахад энэ бол маш чухал. Мөн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж багаар ажиллаж чадахгүй бол хувь хүн хэчнээн супер байгаад амжилт гаргах боломжгүй. Манлайлал гэж үүнийг хэлэхээс биш “Би манлайлагч” гэснээр манлайлал бий болдоггүй нь Японд их харагддаг.

Мөн инженерийн сургуульд ч энэ нь харагдана. Өмнө нь хэлсэнчлэн коосэнгийн сургалт өөрөө лекц, туршилт, дадлагажилт гэсэн хэсгээс бүрддэг тул ганцаараа аливаа ажлын ард гарч чадахгүй, заавал багаар ажиллах болно. Ер нь инженерийн боловсрол, ялангуяа курсийн, дадлагын ажил бол II курсээсээ эхлээд л семинарууд нь байнга багаар ажиллахыг шаарддаг. Нөгөө талаас коосэн сургуульд суралцагсад 15 настайгаасаа элсдэг. Энэ наснаасаа шинжлэх ухааныг танин мэднэ гэсэн үг. Тэгээд аливааг бүтээхдээ, бүтээлч байхын тулд яах ёстой вэ гэдэг ойлголт түргэн сууна. Түүнээс гадна аливаа даалгаврыг үргэлж багаараа хийж давдаг, хоорондоо өрсөлдөх биш харин тэр даалгаврыг хийхийн төлөө, шинжлэх ухааныг илүү танихын төлөөх өөрийгөө давах өрсөлдөөн өрнөдөг нь их онцлогтой.

Мөн хүүхдүүд дунд сургуулиа 12 дугаар анги төгсөөд 18, 19-тэй мэргэжлээ сонгож байна. Энэ хугацаанд бүх л хичээлийг жигд хүртээд өнгөрсөн байдаг. Харин 15 настай хүүхдийн тархи илүү уян хатан. Тэдэнд инженерийн боловсрол ийм байдаг, бидний үзэж байгаа математикийн томъёо, физикийн хууль ингэж үйлчилдэг гэхчлэн зааж өгөхөөр маш сайн хүлээж авдаг, илүү сурах эрмэлзэлтэй болдог. Ер нь хүн дуртай зүйлээ ажил мэргэжил болгож байж амжилтад хүрнэ, түүнийг нь багаас нь л ойлгуулж өгөх хэрэгтэй.

Коосэн сургалтыг орчин үед ид яригдаж буй CDIO механизмаар тайлбарлах нь элбэг юм билээ. Ямар утгаараа ингэж үнэлэгдэх болов?

-Өмнө нь би нэг хуралд сууж байхад манай нэг зөвлөх инеженер, тэтгэвэртээ гарсан хүнтэй ярилцсан юм. Тэр хүн “Өнөөдөр дэлхий дахинд гайхагдаад байгаа CDIO сургалтын механизмыг Япончууд аль эрт боловсруулчихсан байсан юм биш үү” гэсэн. Юу гэсэн үг вэ гэхээр, C-conceive буюу санаа гаргахыг мастер, докторын зэрэгтэй хүмүүс, D-design буюу санааг загварчлах ажлыг магадгүй мастер хүмүүс, I-implement буюу хэрэгжүүлж, нэвтрүүлэх ажлыг бакалаврын зэрэг эзэмшсэн хүмүүс, O-operation буюу үйл ажиллагааг явуулахыг бакалаврын дээд мэргэжилтэй хүмүүс хийдэг. Ингэж байж төгс бүтээгдэхүүн болгох механизм үүсч байсан байна. Тэгэхээр коосэнд суралцсан хүн бодит үйл ажиллагааг хариуцсан инженерүүд болж бэлтгэгдэж байгаа бол цааш дэвшин мастер, докторт үргэлжлүүлэн суралцахад хангалттай суурь боловсролтой болсон байдаг онцлогтой. Тийм ч учраас нийт төсгөгчдийн 40 хувь нь цааш дэвшин суралцаж байгаа дүр зураг харагдаж байна.

Манайд инженерийн боловсролыг уул уурхайн салбартай илүү “ойртуулж” харах хандлага түгээмэл шүү дээ. Коосэнгийн хувьд энэ чиглэл алсын хараа нь мөн үү?

-Инженерийн чиглэлээр төгссөн хүмүүсийн дийлэнх нь энэ салбарт ажиллаж байгаа болохоор аргагүй. Үнэхээр ч манай аж үйлдвэрийн тэргүүлэх салбар бол уул уурхай. Гэхдээ энэ салбар хязгаарлагдмал шүү дээ. Улс орон ажлын байр бий болгох бодлогын хүрээндээ бусад салбараа ч бас авч явах хэрэгтэй. Тэгвэл дараагийн хөгжих салбар бол хөдөө аж ахуй, тэр дундаа хүнс, хөнгөн үйлдвэр гэдгийг судалгаа харуулж байна. Бид өнөөдөр хүн амаа дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах хэрэгтэй тухай ярих болсон. Жишээ нь, сүү, махны үйлдвэрлэл байна. Бидэнд сүүгээ гашилгалгүй аваад, шим тэжээлтэй, уурагтай хэсгийг ялгаж авах компани хэрэгтэй, тэрэн дээр ажиллах инженер хэрэгтэй гэж ярьж байна. Энэ мэтчилэн энэ салбарт технологи, түүнийг ажиллуулах технологич, ажиллах хүний нөөц хэрэгтэй болно. Тэдгээрийг бэлтгэх инженерийн боловсролдоо одооноос бид анхаарах ёстой. Манайхан ер нь хөрөнгө л олдвол ямар ч үйлдвэрийг босгоод ажиллуулчихна гэж боддог. Харин хөгжилтэй орнуудад хүний нөөцийн бодлого нь ядаж л 10 жилийн өмнө яригддаг. Бид ингэж чадаагүйн жишээг шинэ нисэх буудлаасаа харж болно. Бариад дуусчихсан хэр нь хэдэн онд, хэдэн инженер, ямар ажилтнууд хэрэг болно гэдгээ судлалгүй эхлүүлчихсэн. Гэтэл нөгөө талд эцэг, эхчүүд хүүхдээ ямар сургуульд, ямар мэргэжилтэй болгох вэ гэдгээ мэдэхгүй эргэлзээд л хараад байдаг. Тэгэхээр улс орны хэмжээний бодлогын баримт бичиг иргэний түвшинд яаж нөлөөлөх вэ гэдгийг гаргаж өгөх нь чухал байна.

Монголд коосэн төгсөгчид ямар чиглэлийн мэргэжлээр бэлтгэгдэж байгаа вэ?

 -Гурван сургуулийн суралцагсад маань барилга, цахилгаан механик, хими, биологи гэсэн дөрвөн чиглэлээр төгсч байгаа. Тэднийг ажлын байранд өндөр чадвартай мэргэжилтэн болно гэдэг хүлээлт их байна. Дотоодын компаниудын хувьд ирээд хүүхдүүдийн сурч боловсорч байгаа орчин, нөхцөлтэй танилцаж, тэдэнтэй уулзаж, мэдлэг, хандлагыг нь мэдэрч байж шийдвэр гаргаж байна. Тэгээд төгсөгчдөөс маань ажилд авах хүсэлтээ багагүй тавьж байна. Мөн сонирхуулахад Японы том компаниудаас бас ажлын санал ирж байна. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд идэвхтэй, сайн ажиллаж өөрсдийгөө Японд таниулах ажлыг сайн хийж байгаагийн үр дүн энд харагдаж байх шиг байна.

Суралцагсдаа бас Японд дадлага хийлгэсэн гэсэн байх аа?

 -Тийм ээ. Манай Үндэсний Технологийн Хүрээлэн Япондоо бас сайн ажиллаж байна. Коосэн гэдэг Япончуудын хувьд бол байх ёстой зүйл нь гэж хүлээж аваад дадсан байсан бол одоо үнэхээр брэнд болохуйц, үнэ цэнтэй сургалтын систем гэдгээ нотолсон, хүлээн зөвшөөрсөн. Энэ ч хүрээнд Дэлхийн II дайнаас хойших тэдний бүтээн байгуулалтад оролцсон хүмүүс Японы коосэн төгсөгчид гэдгийг таниулахын зэрэгцээ Монголд сургалт явуулж байгаа байгууллагын тухай сайн мэдээлэл өгч байна. Тухайлбал, “Nikkei” бизнесийн өдөр тутмын сонинд бид ярилцлага өгч байлаа, “NHK” телевизээр ч бас нэвтрүүлгүүд гарсан. Тиймээс манайхаас оюутан авч ажиллуулж үзэж байна. Мөн Японы иргэний агаарын тээврийн томоохон компаниуд болох “JAL”, “ANA“ компаниас төлөөлөгчид ирж үйл ажиллагаагаа танилцуулж, бас манайхаас ажилтан авах тухай судалж байна. Тэдний хувьд 6000 инженер, техникийн ажилтантай жилдээ 200 төгсөгч авдаг. Үүний 70 нь коосэн төгсөгч байдаг бөгөөд дараа жилээс гадаадад төгссөн хүүхдүүдээс авч үзэх сонирхолтой байгаа юм билээ.

Төгсөгчид үргэлжлүүлэн эрдмийн зэрэг олгох сургалтад хамрагдах боломж манайд бүрэн нээгдсэн үү?

 -Манай төгсөгчид нийт таван жилийн хугацаанд 167 кредит судалдаг юм. Үүний 80 хувь орчим нь хуулиараа ЕБС-ийн сургалт байх ёстой үлдсэн нь мэргэжлийн сургалт. Манайхан үүнийг эхний гурван жилд нь ерөнхий боловсролоо үзээд сүүлийн хоёр жилд мэргэжлийн хичээл үздэг юм байна гэж ойлгох нь бий. Гэтэл коосэн системд ийм зүйл байдаггүй, анхнаасаа инженерийн мэдэх ёстой математик гэж юу байдаг, суурь шинжлэх ухаан талаасаа дараагийн мэргэжил олж авах ёстой зүйлс нь юу вэ гэхчлэн өөр зохион байгуулалттай, уялдаа холбоотой систем. Тиймээс энэ кредитийг тооцоход манайд хүндрэлтэй байх шиг. Гэхдээ ямартай ч төгсөгчдөө дипломын бакалавртай төгсгөөд дараа нь их сургуулийн III, IV курст дэвшин суралцах тогтолцоог бий болгохоор бид ажиллаж байна. Энэ тухай салбар яамны чиглэл гарчихсан ажиллаж байгаа. Мөн манай Төлөөлөгчийн газраас инженерийн боловсрол, коосэн боловсролын тогтолцооны тухай агуулга нь юу байдаг талаар салбарын багш, профессоруудад семинар, зөвлөгөө уулзалтууд хийгээд явж байгаа. 

Түүнчлэн Японы их сургуульд III курст шууд элсэн орох боломж бараг бий болж байна. Бид мөн л Японы харьяа Яамтай харилцаж Монголд үзсэн кредитүүдийг дүйцүүлж авах ажлыг хийж байгаа. Үүний зэрэгцээ төгсөгчид маань Японд инженерийн визтэйгээр ажиллах боломж нээгдсэн. Тавьж байгаа гол шаардлага нь япон хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой.

Монголд гаднын боловсролын тогтолцоог оруулж ирэхэд болгоомжлох хүмүүс бий. Та бүхэн үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 -Нийгмийн ухааны чиглэлээр дээд боловсролын түвшний сургалтууд манайд цөөнгүй бий болсон ч инженерийн чиглэлээр түгээмэл биш байх. Анх ер нь коосэн тогтолцоог оруулж ирэхдээ нэгэнт л Японы тогтолцоо учраас япон хэлээр нь заая гэж бас яригдаж байсан юм билээ. Харин тэр үед Японд төгсөөд ирсэн хүмүүс маань бид Монголдоо хүний нөөц бэлдэж байгаа учраас монгол хэлээр сургалтаа явуулах ёстой гэж үзсэн байдаг юм. Энэ ч үүднээс манай байгууллагаас Японы коосэнд хэрэглэдэг сурах бичгүүдийг монгол хэлээр орчуулж хүүхдүүдэд тарааж байгаа. Мөн гурван сургууль маань Монголынхоо салбарыг сайн таниулж өгч гадаадад тодорхой хугацаанд ажиллах боломжийг нь дэмжих ёстой юм байна. Энэ мэтчилэн монгол хэлээр суралцсан, Монгол дахь мэргэжлийн салбараа мэддэг хүүхдүүд хэдий Японд очиж ажиллаа ч технологи, боломжийн талаар илүү суралцаж эргээд ирэх магадлал нь нэмэгдэнэ. Тэд маань Монголдоо ирээд ажлын байр бий болгох чадвартай хүмүүс болж төлөвшдөг. Монголд өнөөдөр аж үйлдвэрийн салбарын хөгжил тааруу байгаа нь муугаар хэлбэл сул сайнаар хэлбэл боломж байна гэсэн үг. Тиймээс энэ салбарын хөгжлийг бий болгох бүтээлч инженерүүдийг бэлдэхээр бид ажиллаж байна.

Ярилцсан: Ж.Хулан

Эх сурвалж: www.ub.life

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана
Нийтэлсэн: 2020-06-06 21:31:24

 

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...
Нийтэлсэн: 2020-06-06 20:48:45

 

УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Айлтгүйн Төмөр-Очирын намтар...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Булгантуяа: Улс эх орныхоо төлөө сурч мэдсэнээ зориулахыг хүсэж байна
Нийтэлсэн: 2020-06-06 20:25:24

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа яг одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж байна. Уулзалтад ирсэн иргэдэд тэрбээр ирэх жилүүдийн эдийн засгийн нөхцөл байдал, ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Нийтэлсэн: 2020-06-06 20:05:55

 

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Нийтэлсэн: 2020-06-06 19:52:46

 

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ
Нийтэлсэн: 2020-06-06 19:03:42

 

Б.БАЯРБААТАР: 2012 ОНД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ БОЛСНЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН СОНГОГЧИД МАРТААГҮЙ, ЕР НЬ ЭНЭ ТАНИЛ ТЕХНОЛОГИ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Нийтэлсэн: 2020-06-06 18:54:45

 

МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:42:28

 

23 дугаар тойргийнхон МАН-аас нэр дэвшсэн залуусыг багаар нь дэмжихээ илэрхийллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
Нийтэлсэн: 2020-06-06 17:14:18

 

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
Нийтэлсэн: 2020-06-06 16:24:14

 

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

Сэтгэгдэл бичих Цааш унших