Нийгмийн хөгжлийг даган иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдэж, төлбөр тооцооны систем хялбар болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн данс, мөнгө хөрөнгийг удирдах боломжтой болсон. Энэ нь дэвшил боловч, нөгөө талаар цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгч нарт боломж олгож, гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар “Залилах 10.300 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97,3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн нийт 31320 гэмт хэргийн 32,8 хувийг залилах гэмт хэрэг эзэлсэн бөгөөд үүнээс үзэхэд энэ оны жилийн эцсээр 12,000 орчим хэрэг бүртгэгдэх тооцоолол, эрсдэл байна.
Залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8056 гэмт хэрэг нь цахим орчинг ашиглан үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаас болж, гэмт этгээдэд мөнгө шилжүүлж, хохирсон байх бөгөөд ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна.
Мөн залилагч этгээд хохирогчийн гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлтийг илгээн хуурч мэхлэн аваад түүний өмнөөс фэйсбүүкийн найз, танил хүмүүст мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээж, мөнгө шилжүүлэн авч залилах тохиолдол юм.
Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих болон найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирах, олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын дүр эсгэх, тдэгээрийн нэр, зураг логог ашиглан хууран мэхэлдэг.
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол бусдад мөнгө шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, мөнгө, хөрөнгө, хувийн мэдээлэл, данс, картыг бусдад шилжүүлэхгүй байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас “UNSEND” аяныг энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдөөс 29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриан дор Цахим хөгжлийн яам, Монгол банк, Монголын банкны холбоо зэрэг байгууллагуудтай хамтран эхлүүлж байна.