Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр /2022.11.14/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.
Тус шүүх Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Х.Идэр албан ёсоор огцорч байна.
Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт нартай хөл хорионы дэглэмийг зөрчин архидан согтуурсан, хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт буруутгагдан албан тушаалаасаа огцорч байсан хэдий ч Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсаар өнөөдрийг хүрсэн билээ.
Х.Идэр шүүгч огцорсноосоо хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж, сар бүр 3,000,000 төгрөгийн цалинтайгаар ажилласаар байсан юм.