#Facebook-т Galtbaatar Zolzaya гэх нэртэй хаягнаас хоёр жилийн өмнөөс “RUBLE ШИМТГЭЛГҮЙ ШУУРХАЙ ШИЛЖҮҮЛЭГ” гэх постер оруулж, улмаар тухайн постер дээрх утас руу залгасан хүмүүсийг залилан мэхэлж байгаа аж.
Нэр бүхий дөрвөн хохирогч бидэнд ирүүлсэн мэдээлэлдээ “Би онлайнаар нэгэн ченжтэй холбогдож мөнгөө солиулах гэж байгаад залилуулчихлаа. Энэ хүнд мөнгөө алдаж хохирсон маш олон хүн байдаг юм байна. ОХУ-д сурдаг маш олон оюутан залуус мөнгөө алдаж хохирсныг сая л мэдлээ. Тухайн залилан мэхлэгч этгээд Galtbaatar Zolzaya гэх хаягнаас “RUBLE ШИМТГЭЛГҮЙ ШУУРХАЙ ШИЛЖҮҮЛЭГ” гэдэг постерыг олон мянган хүнтэй зарын группүүд рүү оруулж зар тавьдаг.
Ингээд уг зарын дагуу 72335272 дугаарын утсаар холбогдонгуут биднийг утасны цаанаас сэнхэртэл хууран мэхэлж итгүүлээд баталгаа болгон ГАЛТБААТАРЫН ЗОЛЗАЯА гэдэг хүний гадаад паспортын зургийг явуулдаг. Ингээд бидний мөнгийг ОХУ-ын “SBER AND TINKOFF” банкны данс руу мөнгөө шилжүүлээд тэр тухайгаа хэлмэгц шууд дугаарыг минь блоклоод алга болчихсон. Өөр дугаараас залган холбогдоход “Яах гэж над руу мөнгөө шилжүүлсэн юм. Хохь чинь. Зайл” гэж хэлээд тасалчихдаг юм байна.
Энэ хүнийг олж илрүүлж, бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгөөч хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан хэдий ч тусыг олсонгүй. Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гадаадын улс оронд байгаа учраас тэр хүнийг илрүүлэн баривчлах боломж байдаггүй юм байна.
Би 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр 40,000 рубль буюу 2,000,000 орчим төгрөгөө залилуулж хохирсон. Гэтэл бүр 39,000,000 төгрөгөө энэ этгээдэд алдаж хохирсон хүн ч байдаг юм байна. Ийм цайчихсан луйварчинд итгэж мөнгөө алдаж буй олон хүн байж болзошгүй хэмээн энэхүү мэдээллийг танд хүргэж байна.
Дахин энэ этгээдэд хэн ч битгий мөнгөө алдаж хохироосой. Цаашид цахимаар утсаар холбогдож, нэр зүсийг нь хараагүй хүн рүү хэзээ ч битгий мөнгөө шилжүүлж байгаарай хэмээн ард иргэддээ анхааруулж байна” гэсэн юм.
Бид мэдээллийг нягтлах үүднээс 72335272 дугаарын утас руу холбогдоход эрэгтэй хүн дуудлагыг авсан бөгөөд "Би Галтбаатар мөн. Миний фейсбүүк хаягийг ашиглан, миний нэрийг барьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний доорх хүмүүс намайг хорлох зорилгоор залилан хийгээд байгаа. Би хэнийг ч залилаагүй. Би онцгой байдлын албанд ажиллаж байсан жирийн нэгэн хүн" гэсэн юм.
Түүнээс та монголд байгаа бол уулзаж ярилцъя гэхэд татгалзаж утсаа тасаллаа.
Сүүлийн үед иргэд цахим залилагч нарт мөнгөө алдаж хохирох тохиолдол маш их болсон бөгөөд цахим залилангийн хохирогч болж хүмүүсийн дийлэнх олонх нь 35-аас дээш насныхан байгаа аж. Мөн ийм төрлийн залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанк, ЦЕГ хамтран “UNSEND” аяныг улс орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.