Ховд аймгийн Дарви суманд цагдаагаар ажиллаж байсан А гэх 22 настай залуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад "Суварга хайрхан" гэдэг 8 нэрийн дэлгүүр шөнийн цагаар архи зарж буй зөрчлийг илрүүлжээ.
Энэ явдлаас хоёр хоногийн А "Суварга хайрхан" гэх дэлгүүр дээр очиж, Зөрчлийн хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авахаа хэлэхэд уг дэлгүүрийн эзэн Х гэх хүн түүнд 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд "ах нь машинд нь бензин хийж өгье" хэмээн дагуулж яван НИК ШТС-д дагуулж очин 30,000 төгрөгийн шатахуун хийж өгчээ.
Ингэмэгцээ "Суварга хайрхан" дэлгүүрийн эзэн Х "Цагдаа А намайг дарамталж мөнгө авсан" гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан байна.
Ховд аймгийн сум дундын шүүх уг хэргийг 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд "Дарви сумын цагдаа А-г гэм буруутай хэмээн тооцож, төрийн албан ажиллах эрхийг нь 3 жилээр хасаж, 10,000,000 төгрөгийн торгох ял" оноосон байна.
А манай редакцид ирүүлсэн захидалдаа "Би гэм буруутай үйлдэл хийсэн. Тэр хүнээр шатахуун хийлгэдэг нь буруу болсон. Гэхдээ надад хэтэрхий өндөр ял оноолоо. Хөдөө суманд надад ажил олдохгүй байна. Төрд ажиллах эрхийг хассан тул бусад цэргийн анги салбарт ажиллах эрх байхгүй. Ажилгүй бас орлогогүй тул надад оноосон торгох ялыг муу аав минь сар бүр төлж байгааг хараад элэг эмтэрч байна. Сар бүр 277,100 төгрөгийг төлнө гэдэг хөдөөгийн бидэнд маш хүнд шийтгэл болж байна. Улсаас тэрбум тэрбумаар хулгайлсан хүмүүсээ шийтгэдэггүй мөртлөө 30,000 төгрөгийн хохирол учруулсан бидэнд яагаад ийм хатуурхдаг хуультай юм бэ" гэсэн байв.