Монгол Улсын дээд шүүх-ийн шийдвэрийн дагуу хууль бусаар булаалгасан Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах "Талстмолор" компаниа гадаадын хөрөнгө оруулагчид хууль ёсоор буцаан авсан.
Гэтэл уг үйл явдлын дараа Ховд аймгийн 40 гаруй цагдаагийн алба хаагчид дайрч орж, хөрөнгө оруулагч Д.Баасансүрэнг хүч хэрэглэн дайчлан баривчилж, шөнийн 5 цаг хүртэл байцааж тамласан, өдгөө ч байцаах ажил дуусаагүй байна гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Хөрөнгө оруулагчдыг залилсан Б.Мөнхтөрийн ураг төрлийн хүн нь Ховдын цагдаагийн газрын дэд даргын албан тушаалыг хашдаг учраас ийм зүйл боллоо хэмээн хөрөнгө оруулагч нар хэлж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР "Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, эрх зүйн орчин, тоглоомын дүрмээ нэн тодорхой болгохоо илэрхийлсээр байгаа бөгөөд дээрх хөрөнгө оруулагч нарыг бүх талаар хамгаална" гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
Гэтэл Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу буцаан авсан өмчдөө нэвтэрснийх нь төлөө, өмч хөрөнгөө хамгаалсных нь төлөө Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид олноороо дайрч орсон нь олны анхаарлыг татаж, хэл ам дагуулсан.
Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас бидэнтэй холбогдож, "Ховд аймгийн Алтай суманд байрлах Богоч уурхайд цагдаагийн алба хаагчид очиж ажиллаж байгаа нь үнэн. Хөрөнгө оруулагчдыг өмч хөрөнгөөс нь гаргах асуудлыг огт яриагүй. Гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа. Ховд аймгийн цагдаагийн газрын дэд дарга нь Б.Мөнхтөртэй хамаарал бүхий этгээд мөн тул тухайн хүнийг уг ажиллагаанд огт оролцуулаагүй. Аливаа хэрэг зөрчил гарч хүний эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлж байгаа" гэсэн билээ.