Энэ хөвүүнийг Тавинжилийн Жамбалдорж гэдэг. Тэрбээр 2019 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн дипломат албаны талаар “А” ч үгүй нэгэн мөртлөө 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа ЭСЯ-нд атташе-ээр гэнэт л томилогдон очсон байх юм.
Монгол Улсын дипломат албаны тухай хуулийн 13.5-д “Дипломат албанд ажиллах төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байна” хэмээн заачихсан байдаг.
Гэтэл Т.Жамбалдорж хэмээх мэргэжлийн бусаас гадна, төрийн болон дипломат албанд ажилласан ямар ч дадлага туршлагагүй энэ хөвүүн тэр бүх шалгалт, шаардлагын дээгүүр шууд “харайж” Европын холбооны орон руу атташе-аар томилогдоод оччихсонг мэргэжлийн дипломатч нар нь гайхаад барахгүй байгаагаа надад учирлан хэлж байна.
Ямар хүний үр гэхээрээ бусдаас ийм давуу эрх эдэлж, дардан замаар дэвшээд байгаа юм бол хэмээн судлаад үзтэл түүний эцэг Ч.Тавинжил нь Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажилладаг хүн болж таарав.
Чойжилсүрэнгийн Тавинжил дарга тэртээ 2003 онд Боловсролын сайдын №242 дугаартай тушаалаар Боловсролын зээлийн сангаас 31,320 ам.долларын зээл авч, АНУ-ын Бриджпортын Их сургуульд сурч 2007 онд төгсөж ирсэн боловч нэг ч төгрөгийн зээлээ төлөхгүй явсаар БШУ сайдын 2013 оны 5 дугаар сарын 22 өдрийн А/185 тоот тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн нэгэн байв.
Ч.Тавинжил нь татвар төлөгч та биднээр сургалтын төлбөрөө төлүүлж сураад, МАНгарууд ялснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2017-2023) Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, ХХААХҮЯ, Сангийн яам зэрэг төрийн өндөр дээд байгууллагуудад ямагт л дарга хийсээр ирсэн бол өдгөө түүний балчир хөвүүн нь аавынхаа залгамж халааг үргэлжлүүлэн авч Шведийн хаант улсад оччихсон атташе-аар ажиллаж байна.