Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдоод хоёр сар болж байна. Өнгөрсөн долоо хоногт шүүхээс түүний цагдан хориог дахин 30 хоногоор сунгасан.
Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас хорих 461-р ангид очиж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс хоёр асуудлаар мэдүүлэг авчээ. Тодруулбал, цэргийн хэлэлцүүлэг зохион байгуулсантай холбоотой хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр мэдүүлэг авсан байна. Тухайн хэлэлцүүлгээр цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндээрээ хохирсон асуудлыг хохирогчийн гэр бүл хөндөж, тэдний асуултад Зэвсэгт хүчний жанжин штабын албаны хүмүүс хариулсан билээ.
Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг улаан автобусны худалдан авалтыг сурвалжилсаныг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх асуудлаар мөн шалгаж эхэлжээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнгөрөгч аравдугаар сард БНХАУ-ын Нанжин хотод байдаг "Golden Dragon" ХХК дээр очиж, тус улаан автобусны худалдан авалтын гэрээг үзсэн талаар өөрийн сошиал хаягтаа оруулсан байдаг.
Тодруулбал, тэрбээр “224 ширхэг улаан автобус нийлүүлсэн “Голден драгон bus” ХХК дээр нь ирээд гэрээг нь үзчихлээ. Нэг автобусны үнэ 265 сая юм байнөө, гэтэл 302 саяар авсан гэж худлаа тайлагнаад нэг автобуснаас 30 гаруй сая төгрөг цавчсан байна. 224 автобус гэхээр 8 тэрбумыг цавцсан байна.
640 000 юан биш, 561 000 юан юм байна шүү!!!
Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй улаан автобус 224 ширхэг худалдан авахаар "Golden Dragon" компанитай нийслэл 2022 он аравдугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан.
Тухайн үед хотын удирдлагууд “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулж байсан билээ. Гэвч тус үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж Аудитаас тогтоосон байдаг.
“Улаан” автобусыг аудитын дүгнэлтэд бичсэнээр, 305 саяар авсан уу, эсвэл гэрээ болоод НЗДТГ-аас мэдээлснээр 265.3 саяар авсан уу гэдэг асуудал үүссэн.Улмаар уг худалдан авалтыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.