“Дэлхийн цирк Монголд” олон улсын шилдэг циркчдийн тоглолт энэ бямба гарагаас эхлэн гурван долоо хоногийн турш зөвхөн амралтын өдрүүдээр Степп Арена буюу бидний нэрлэж заншсанаар Мөсөн Өргөөд тоглогдох юм. Африкийн арслан, Бенгалийн бар, өхөөрдөм пудель нохойн үзүүлбэрээс гадна циркийн хамгийн том наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдгүүд үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн, Монголд анх удаа хос манежтай тоглолт болно гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Тоглолтын талаар “Дэлхийн цирк Монголд” тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэтэй ярилцлаа.
- Дэлхийн цирк Монголд тоглолт эхлэхэд гуравхан хоног үлдсэн байна. Бэлтгэл хангагдсан уу. Хэчнээн уран бүтээлч оролцож байна вэ. Монголд анх удаа хос манежтай тоглогдоно гэдгээрээ онцлог байгаа шүү дээ. Давуу тал нь юу вэ?
-Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. 105 орчим циркийн жүжигчин оролцоно. Зохион байгуулах баг бүрэлдэхүүний тоо гэвэл 150 гаруй хүн оролцож байна. Циркийн манежийн диаметр 13 метр байдаг бол хос манеж зассанаар бидний үзэгчиддээ барих бэлэг төдий чинээ даацтай, ач холбогдолтой болно гэж үзсэн. Зарим үзэгчдээс спорт аренад циркийн тоглолт зохион байгуулах нь хэр зохимжтой вэ гэж асууж байсан. Олон улсад циркийн тоглолт үндсэн дөрвөн төрлөөр хөгжиж ирсэн. Суурин, нүүдлийн, кабарет шоу, спорт арена буюу бидний сонгосон хос манежтай циркийн тоглолт. Энэ төрөл маш олон жилийн турш дээд цэгтээ хүртэл хөгжсөн. Монголын үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Спепп агена 30:60 метр бол 30:40 гэсэн харьцааг сонгосон учраас аль ч талаас нь үзсэн харагдах орчин сайн байгаа.
-Хос манежтай гэхээр өөр өөр үзүүлбэрүүд зэрэгцэж явах уу. Эсвэл нэг үзүүлбэр хоёр манеж дамжина гэсэн үг үү?
-Хос манежны онцлог нь нэгдүгээрт үзэгчдэд хүртээмжтэй байдаг. Зарим үзүүлбэр ээлжилж тоглогдоно. Зарим үзүүлбэр нь зэрэг тоглогдоно. Сургуулилттай нохойнууд гэхэд хоёр манеждаа хуваагдаж тоглох юм. Тодруулбал, зохиол найруулгатай холбоотойгоор найм орчим минутын үзвэрийг хоёр манежид хуваан тоглоно гэсэн үг.
Хос манежтай тоглолт олон улсад их ховор. ОХУ, Франц, Германд байгаа. Магадгүй Азид бараг байхгүй байх.
-Өмнөх жилийн тоглолтууд хаана болж байсан бэ. Аюулгүй байдал талаасаа хэр тохиромжтой байдаг вэ?
-2014 оноос хойш Дэлхийн цирк Монголд тоглолтоо зохион байгуулж ирсэн. Монголд анх удаа мөсөн циркийг урьж авчирч байсан. Ковидын үед тасарсан ч, Дэлхийн цирк Монголд төсөл маань энэ жил 10 дахь жилийнхээ ойг угтаж байгаа. Өмнө нь хүмүүсийн мэддэгээр суурин циркэд тоглолтоо хийж байсан. Хоёр жилийн өмнө Буянт-Ухаа спорт цогцолборт хийж байсан. 5000 гаруй суудалтай хэтэрхий том заал, тааз нь 28 орчим метр өндөртэй байсан болохоор аюулгүй байдал талаасаа ажиллахад хүндрэлтэй байсан. Үзэгчдэд ч харагдац муу, хол байсан учраас энэ жил судалж үзээд хамгийн тохиромжтой гэж үзэн Степп Аренаг сонгосон.
Бид хоёр манежид үзүүлбэр үзүүлэхээс гадна үзэгчдийнхээ тав тухыг хангах ёстой. Тиймээс ариун цэврийн өрөө, тав тухай орчныг бэлдэх шаардлагатай учраас маш их ач холбогдол өгсөн.
-Тасалбарын үнэ хэд вэ?
-Тасалбарынхаа үнийг хамгийн бага төвшинд барьж ирсэн нь бидний бахархлын нэг. 2013 онд анх эхлэхдээ л тасалбарын үнээ 20000-50000 төгрөгийн хооронд барьж ирсэн. Өнөөдрийг хүртэл 11 жилийн хугацаанд огт нэмээгүй. Цаг хугацааны хувьд, гаргасан зардлын хувьд маш тогтворгүй байгаа ч, ашиг олох гэхээсээ илүү “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг соёл урлагийн брэнд болгох зорилгынхоо хүрээнд өнөөдрийг хүртэл тасалбарын үнээ тогтвортой барьж ирсэн.
-Ямар ямар улсаас циркийн жүжигчид ирсэн бэ?
-Монгол, ОХУ, Беларус, БНХАУ, Украин, Аргентин, Испани, Узбекистан, Якут, Казахстан, Герман улсын циркийн жүжигчид ирсэн.
-Арслан, барсын хоол хүнсний асуудлыг яаж шийдэж байгаа вэ. Өдөрт 100 кг мах иддэг гэсэн үү?
-100 кг мах нь нэг биш, хоёр өдрийн хэрэглээ. Зөвхөн арслан, барынх нь ийм хэмжээнийх. Нохойнууд нь долоо хоногт 150 кг орчим үхрийн цул мах, хүнсний ногоо хэрэглэдэг. Өдөрт 47 кг махыг арслан, бар идэж байгаа. Хоол хүнсний тал дээр авчрахаасаа эхлээд маш их ач холбогдол өгч анхаарсан. Бид мэддэггүй боловч, махыг янз бүрээр сортолсон байдаг. Цирк бүр малын эмчтэй. Узбекистаны циркийн малын эмч нар бидэнд ийм сортын ийм ястай мах байх ёстой гэсэн зөвлөгөө өгсөн. Тэр дагуу бэлтгэсэн.
-Соён гэгээрүүлэх циркийн маш том тоглолтыг зохион байгуулж байгаа тул зардал их гарч байгаа нь ойлгомжтой. Ямар нэг байгууллагаас тусламж дэмжлэг үзүүлж байна уу?
-Дэлхийн цирк Монголд төсөл хэн нэгний захиалга, хүсэлтээр хийгдээгүй. Тэр үед Монголд олон улсын цирк битгий хэл соёл урлагийн арга хэмжээ ч болдоггүй байсан. Энэ цаг үеэс буюу 2013 оноос хойш Эм Си Эс кока кола компани дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн степп арена маш их ач холбогдол өгч, дэмжиж байгааг хэлэх нь зүйтэй байх. Бэлтгэл ажил, хөгжим гэрэл, сургуулилт гэх мэт бүх талаар тусалж дэмжиж байгаа.
-Олон улсын циркийн жүжигчид хаана байрлаж байгаа вэ?
-Степп Арена мөсөн ордоноос хоёр км орчим зайтай зочид буудалд байрлаж байгаа. Хотын авто замын ачааллаас шалтгаалаад жүжигчдээ спорт агенатай ойрхон байрлуулсан.
-Арслан, барсын орчны тасалгааны хэмийг тохируулахад хэр хүндрэлтэй байна вэ?
-Бар харьцангуй гайгүй юм байна. Ямар ч уур амьсгалд дасан зохицох чадвартай. Арслангууд Африкийнх учраас агаарын хэм их чухал. Бид Монгол руу тээвэрлэж ирэхдээ зориулалтын 13 метр урт, халуун хүйтэн тохируулдаг ачааны машин явуулсан. Энд нэмэлтээр дулаан хадгалах агааржуулалтын систем байрлуулсан.
-Олон улсын шилдэг жүжигчдээс нэрлээч. Дэлхийд номер нэг гэгддэг Жан Фан ирсэн байсан. Өөр хэн ирсэн байгаа вэ. Өмнөх тоглолтуудтай үзүүлбэр давхцах уу. ?
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай нэг ч үзүүлбэр давтагдаж байгаагүй. Энэ циркийн жүжигчдийн тоглолтыг манай үзэгчид 2024 онд л үзнэ. 2025 онд давтагдахгүй. Хоёр, гурван жилийн өмнө ирсэн жүжигчдээ хувцсыг нь солиод тоглуулаад байвал бид үзэгчдээ хуурсан болно. Киногоор бол Оскарын шагнал авсан буюу циркийн хамгийн том тэмцээн болох Монакагийн вант улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс шагнал хүртсэн зургаан номер ирсэн. Дэлхийд сул утасны үзүүлбэрээр номер нэг БНХАУ-ын Жан Фан үзүүлбэрээ толилуулна. Жан Фанд би таван жилийн өмнө санал тавьж байсан. Гэвч, олон жилийн өмнө хийсэн гэрээ, эрэлт зэргээс хамаараад энэ жил ирж байгаа.
-Олон улсын жүжигчид Монголыг хэр сонирхдог вэ. Тасалбарын борлуулалт ямар байна вэ?
-Олон улсын циркийнхэн Монголын циркийн жүжигчдийг танина, ойлгоно. Монгол Улсыг бол яг үнэнийг хэлэхэд зарим жүжигчид нь мэддэггүй. Хаана байдаг вэ гэх мэт сонин сонин асуулт их асуудаг. Азаар Монголын циркийн жүжигчид олон улсын циркийн наадамд оролцох бүрдээ өндөр шагнал авдаг учраас өөрсдийгөө сурталчлахаас гадна давхар Монгол Улсаа таниулдаг. Тасалбарын хувьд эхний зургаан тоглолтын тасалбар ерөнхийдөө дуусах шатандаа явж байна. Ерөнхийдөө гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу зургаан өдөр л тоглох учраас үзэгчид тасалбараа эрт аваад үзэх болов уу. Хоёрдугаарт, манай тоглолт бүрд тасалбар шаглах тохиолдол байдаг. Хүссэн суудлынхаа тасалбарыг бидний зарж буй анхдагч үнээр худалдан аваасай гэсэн үүднээс сарын өмнө тасалбараа задладаг. Борлуулалт сайн байгаа.
ХААНА: AIC Steppe Arena-Мөсөн Ордон
ХЭЗЭЭ: 3 сарын 30, 31
4 сарын 6, 7, 13, 14
Гараг: Бямба, Ням
ЦАГ: 11:00 15:00 19:00
ҮНЭ: 20.000₮, 30.000₮, 40.000₮, 50.000₮
VIP: 100.000₮, 60.000₮
НАС: 0-3 нас үнэгүй.
НАС: 3+ нас тасалбар авна.
ОНЛАЙН ТАСАЛБАР: https://www.ticket.mn/event/1999
БИЕТ ТАСАЛБАР: ИМАРТ худалдааны төвийн Хэрэглэгчийн Төв
8989-5252