МАН-ын Зүүний хүчний холбоонд хариуцлагатай албан тушаал хашдаг, МАН-ын Бага хурлын гишүүн хэмээн өөрийгөө танилцуулсан Б.Энхтулга гэгч нь 2020 оны тавдугаар сард иргэн А-тай уулзах үеэрээ “Би нам дотроо танил тал ихтэй. Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын дэд дарга Л.Отгонжаргалтай найз нөхдийн холбоотой. Хүүхдийг чинь Буянт-Ухаа ОУНБ-д ажилд оруулж өгье. 10,000,000 өгвөл асуудалгүй оруулна” гэж хэлээд 5,000,000 төгрөгийг нь бэлнээр авчээ.
Тэрбээр уг мөнгийг авсны дараахан иргэн А-ийн хүүхдийг Буянт-Ухаа ОУНБ-д ажилд авах тушаал үнэхээр гарсан тул “Л.Отгонжаргал даргад үлдэгдэл мөнгийг нь өгмөөр байна. Үлдэгдэл 5,000,000 төгрөгөө яаралтай өг” гэж нэхээд Хаан банкин дахь 5379172961 дугаартай дансаараа Б.Энхтулга дахин 5,000,000 төгрөг авчээ.
Хамгийн гайхалтай нь иргэн А-аас 10,000,000 төгрөг авч хүүг Буянт-Ухаа ОУНБ-д ажилд оруулмагцаа ердөө ганцхан сар ажиллуулмагцаа ажлаас нь чөлөөлсөн байгаа юм.
Иргэн А “Яагаад миний хүүг минь ийм хурдан ажлаас нь чөлөөлөв” хэмээн МАН-ын Зүүний хүчний холбооны Б.Энхтулгатай холбогдоход “Таны хүүг түр орон тоон дээр авсан юм билээ. Тэр хүн нь ажилдаа буцаж орох болсон тул арга буюу хүүг чинь чөлөөлсөн гэж байна. 2020 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Л.Отгонжаргал дарга нэр дэвшиж байгаа. Ялах юм бол бүр ч том дарга болно. Хүүг чинь ажилд нь асуудалгүй оруулна. Тиймээс сонгуульд нь хандив болгож нэмж 1,000,000 төгрөг өг” хэмээн шаардсаар байгаад дахин 1,000,000 төгрөг авчээ.
Гэвч Л.Отгонжаргал НИТХ-ын сонгуульд ялж чадсангүй. Ялагдсан ч гэлээ тэрбээр албан тушаал дэвшиж Буянт-Ухаа ОУНБ-ын дарга болж чаджээ. Тэгсэн хэрнээ иргэн А-ийн хүүг дахин ажилд авсангүй.
Хүүгээ Буянт-Ухаа ОУНБ-д ажилд оруулна хэмээн найдаж, 11,000,000 төгрөгөө алдсан иргэн А арга буюу Буянт-Ухаа ОУНБ-ын дарга Л.Отгонжаргалтай уулзаж, учир байдлаа хэлсэн чинь “Б.Энхтулгыг би танина. Энэ хүүхдийг ажилд оруулаад өгөөч хэмээн гуйгаад байсан болохоор нь л би түр ажилд авсан. Түүнээс биш таныг хүүг ажилд оруулна хэмээн мөнгө төгрөг авсан зүйл надад огт байхгүй. Та Б.Энхтулгатайгаа учраа ол” гэж хэлжээ.
Арга мухардсан иргэн А Б.Энхтулгатай холбогдож миний мөнгийг өг. Чи биднийг залилж, их хэмжээний мөнгийг минь авсан байна хэмээн хэлсэн чинь “Шүүхдээд аваарай” гэж даапаалжээ.
Бид буруутган шүүмжлэгдэж буй этгээд болох Б.Энхтулгатай утсаар холбогдож, хариу тайлбар авахад “Би иргэн А-д чин сэтгэлээсээ туслая л гэж бодож хүүг нь ажилтай болгосон. Би тэр их мөнгийг авсан нь үнэн. Гэхдээ тэр мөнгөнөөсөө нэг ч төгрөгийг Л.Отгонжаргал даргад өгөөгүй. Би гуйсаар байгаад л ажилтай болгосон хүн. Тэгж ярих юм бол иргэн А энэ асуудлыг МАН-ын Зүүний хүчний холбоон дээр очиж матаас өгснөөс болоод би өөрөө үүсгэн байгуулсан Зүүний хүчний холбооноосоо хасагдсан. МАН-ын Бага хурлын гишүүнээсээ хөөгдөж хохирсон. Хэрвээ хууль шүүхэд хандаад надаас мөнгөө авна гэвэл би өгнө” гэж хэллээ.