Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B2”, төлөвийг “Эерэг” болгож шинэчилснээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:
- Төсөв, өрийн зохистой удирдлагын нөлөөгөөр өрийн дарамт буурав: Уул уурхайн салбарын орлого, эдийн засгийн өсөлт эрчимтэй сэргэж, төсвийн тэнцэл сайжирсны зэрэгцээ өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эргэн төлөлтүүдийг хийж, зохистой удирдсанаар Монгол Улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 2016 онд 93 хувь байсан нь 2023 оны эцэст 43 хувьд хүрч буурсан.
- Төсвийн зохистой бодлогын нөлөөгөөр Засгийн газрын хөрвөх чадварын эрсдэл буурсан: Урт хугацаанд төсөвт ирэх дарамтыг бууруулахад чиглэсэн өрийн удирдлагын стратегийг баримтлан Засгийн газраас өрийн дахин санхүүжилтийг тухай бүр оновчтой хэрэгжүүлж, хугацааг уртасган, зээлийн санхүүжилтийн хэрэгцээ буурсан нь үүнд нөлөөллөө. Цаашид төсвийн алдагдлын тэлэлт, томоохон эргэн төлөлтүүдийн нөлөөгөөр зээлийн санхүүжилтийн хэрэгцээний ДНБ-д эзлэх хувь 2024 онд 5.4 хувь, 2026 онд 11.7 хувьд хүрч өсөхөөр байна. Гэхдээ энэ нь түүхэн үзүүлэлт болон ижил зэрэглэлтэй улсуудтай харьцуулахад бага байхаар байна.
- Эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байгаа нь тогтворгүй байдлын эрсдэлийг бууруулж байна: 2023 онд 7.1 хувиар өссөн бодит эдийн засгийн өсөлт 2024 онд 5.8 хувь, 2025 оноос хойш Оюу толгойн үйлдвэрлэл тогтворжих нөлөөгөөр дунджаар 6 хувьд хүрч тогтворжино гэж тус агентлаг төсөөлж байна. Гэвч Монгол Улсын түүхийн эдийн үнээс өндөр хамааралтай байдал нь эдийн засгийн өсөлтөд цаашид савлагаа үүсгэх боломжтой.
Иймд тус агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В2”, төлөвийг “Эерэг” болгон ахиулж, харин богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Not Prime” түвшинд баталгаажуулав.
Цаашид үнэлгээг дээшлүүлэх нөхцөл:
Өрийн бус хөрөнгийн урсгалын нөлөөгөөр гадаад валютын хөрвөх чадварын нөөц тогтвортой нэмэгдэх, мөчлөг дагасан төсвийн бодлого хэрэгжүүлэхээс зайлсхийх, засаглал болон хяналтыг дээшлүүлэхэд чиглэсэн зохистой бодлого тууштай хэрэгжүүлэх, өрийн дарамтыг тогтвортойгоор бууруулах, түүхий эдийн хамаарлыг багасган эдийн засгийг төрөлжүүлэх зэргээр Монгол Улсын эдийн засаг, гадаад сектор болон төсвийн нөхцөл байдал сайжрах тохиолдолд Мүүдиз агентлагаас зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой байна.
Цаашид үнэлгээг бууруулах нөхцөл:
Зээлийн санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, Засгийн газрын хөрвөх чадвар муудах, гадаад санхүүжилтийн алдагдал эрчимтэй тэлэх, томоохон уул уурхайн төслүүд хүндрэлд орох гэх мэт эдийн засагт хүчтэй сөрөг шок учрах тохиолдолд зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулж болзошгүй юм.