Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай 2007 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 441 тоот тушаалаар “Собт Трейд” ХХК-д 4.41 га газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж байж.
Энэ өдрөөс хойш гурван сарын дараа буюу 2008 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай газар нутгийн газрын дарга А.Намхай баталгаажуулж, гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Дэлэгийн Загджав, Богдхан Уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Аажимын Ганбат нар гарын үсгээ зурсан бөгөөд 1мквт газрыг ердөө 396 төгрөг, нийтдээ 44100 мкв газрыг ердөө 17,463,600 төгрөгөөр өгсөн байна.
“Собт трейд” компани Богд хан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор, Улсын тусгай хамгаалалтай газар нутагт, ХУД-ийн 11-р хороо, Зайсангийн аманд байрлах газрыг, 1 мквт газрыг тухайн үеийн ханшаар 1 ширхэг атар талхны үнээр худалдан авсан анхны тохиолдол энэ биш.
Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхайгийн 2005 оны 11 дугаар сарын 04-ны өдрийн тушаалаар “Собт Трейд” ХХК 1.5 га газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг өмнө нь гаргуулаад авсан байв.
Монголын толгой баячууд, төрийн өндөр албан тушаалтнуудын тансаг харшаа барих гэж алалцаж байсан Зайсангийн аманд 1 мквт газрыг ердөө нэг ширхэг “Атар” талхны үнээр худалдаж аваад байгаа “Собт Трейд” компанийн ард хэн байгаа вэ?
“Собт трейд” компани 2000 оны эхэн үед байгуулагдсан боловч 2008 оны долдугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгүүлжээ. Тус компани Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы төрсөн ах болох Сайнбуянгийн Ганбатын өмчлөлд байдаг хэмээн Улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байна.
- Гадаад худалдаа
- Хүнс, барааны дэлгүүр
- Цайны газрын
үйл ажиллагаа явуулах эрхтэй, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй энэ компани “Аялал жуулчлалын”-ын зориулалтаар Богдхан Уулын Тусгай хамгаалалттай газар нутагт 4.41 га болон 1.5 га газрыг маш хямд үнээр эзэмшиж чаджээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах эдгээр газрууд нь хэдийгээр Сайнбуянгийн Ганбат гэх хүний нэр дээр бүртгэлтэй байх боловч цаад жинхэнэ эзэн нь Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхангийн эзэмшдэг “Оюуны Ундраа” групп юм.
Учир нь Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы 24 хувийг нь эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Оюуны Ундраа” групп “Собт трейд” компанийн Богдхан Уулын Тусгай хамгаалалттай газар нутгийн хил бүс дотор эзэмшдэг их хэмжээний газруудын төлбөрийг төлсөөр ирсэн нь дээрх баримтуудаар нотлогддог.
Хан-Уул дүүргийн газрын албаны Улаанбаатар хотын банкин дахь 2603007906 тоот дансны депозит хуулганд “Собт трейд” ХХК-ийн 4.41 га газрын 2017 оны газрын төлбөр болох 4,365,900 төгрөгийн төлбөрийг 2017 оны гуравдугаар 28-ны өдөр “Оюуны Ундраа” групп төлсөн байгааг та харж байна.
Мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Собт трейд” ХХК-ийн 4.41 га газрын 2017 оны газрын төлбөр болох 4,365,900 төгрөгийг дахиад л “Оюуны Ундраа” групп төлжээ.
Үүнээс нэг сарын дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Собт трейд” ХХК-ийн 4.41 га газрын 2017 оны газрын төлбөрийн үлдэгдэл болох 8,731,800 төгрөгийн төлбөрийг ахиад л “Оюуны Ундраа” групп төлсөн байх юм.
“Оюуны ундраа” групп “Собт трейд” ХХК-аас гадна С.Ганбатын нэр дээр бүртгэлтэй “Юко” ХХК, “Өү юу жи си си си си” ХХК-ийн газрын төлбөрийг төлж байсан нь санамсаргүй хэрэг биш.
Эцэст нь хэлэхэд 2007 онд 1мкв газар 1 ширхэг Атар талхны үнэтэй байгаагүй. 1990-ээд сүүлээр Шинжаан Уйгараас Монгол Улсад цагаачлан ирсэн Х.Идэнбаяр гэх хятад иргэн 2007 онд хотын төвөөс асар хол алслагдсан, дулааны битгий хэл цахилгааны шугам ч татагдаж очоогүй бүс нутаг буюу бидний сайн мэдэхээр Нисэхээс Төв аймаг руу салдаг уулзварын урдах хэсэгт Засгийн газраас зарласан 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн 1 мкв газрыг тухайн үеийн ханшаар 13200 мянган төгрөгөөр, нийтдээ 25 га газрыг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан авсан байдаг юм.
Тэгэхэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Монгол Улсын тэргүүн баячуудын нэг болох С.Амарсайханы ах дүүс Төрийн тусгай хамгаалалттай бүс нутагт, Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 1мквт газрыг ердөө 396 төгрөгөөр авсан байна.