Аугаа Нямбаатар сайд хүн доромжилсон этгээдийг Эрүүгийн хуулиар хатуу шийтгэх сэлэм шиг санал гаргангаа “Сэтгүүлч, комидиан нарт энэ хамаарахгүй” гэж гайхамшигтай эрх дарх эдлүүлэхээ зарласан даа. Яг л нөгөө “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай арай илүү эрхтэй” гэдэг шиг. Сонсоход гоё ч юм шиг. Шударга сайд бурууг илчилдэг сэтгүүлч, бульхайтайг хошноор “шорддог” комидиан нарыг чухам харж үзэж, илүү эрх олгож байгаа мэт. Харин “мулгуу” сэтгүүлчид , тухайлбал, сэтгүүлч Б.Энхцэцэг үүнийг “Сэтгүүлч гахай биш” хэмээн эсэргүүцэв.
Мөн хуулийн дагуу давуу эрх эзэмших боломжтой этгээд болох комидиан Амараа үүнийг “Би тэгвэл хүн доромжлох эрхтэй “комидиан” гэдэг сертифакат хэвлээд 200 мянгаар зараад байя л даа” гэж егөөдөж байна. Мэдээж энэ бол хошигнол, давуу эрхээ эсэргүүцэж байгаа санаа. Яагаад гэвэл тэр бас гахай биш, өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл дамлагч төрийн албан хаагчаас өөр хүн юм.
Уг нь сайд жишигтнүүдийнхээр бол “Гялай , гялай, энгийн иргэд хүн доромжлоод шоронд орно. Бид бол яах ч үгүй” гэж баярлан, талархах ёстой юм байх л даа. “Харамсалтай нь”, сэтгүүлчид ч комидианчид ч улстөрчид шиг давуу эрхийг хулгайлж эдлэх хэмжээний мулгуу бөгөөд ёс зүйгүй хүмүүс биш болохоор сайдын “молиго”-ыг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөрсдийнх нь эрх бус хүн болгоны эрх зөрчигдөхөөс сэргийлж эсэргүүцэж байна. Хууль зүйн сайдаасаа илүү хүн болгон ижил эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчмаа мэдэж байгаа болохоор.
УИХ дахь АН-ын бүлгээс 2022.05.23-нд зохион байгуулсан “Ялтай эрх чөлөө” хэлэлцүүлгийн үеэр яг энэ талаарх сэтгүүлчийн асуултад хуульч Г.Эрдэнэбат “Яг үнэндээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналд сэтгүүлч, комидиануудад хамаарахгүй гэсэн ямар ч зүйл тусгагдаагүй. Товчхондоо сайд худлаа ярьсан” гэж хариулав. Өөрөөр хэлбэл молиго үмхүүлж байна гэсэн үг.
Гэснээс одоо бол худлаа ярьсан гэсэн Г.Эрдэнэбат хуульч, молиго үмхүүлсэн гэж бичсэн би ч гүтгэлгийн хэрэгт унаж магадгүй. Харин, энд өгүүлээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал сайдыг дандаа үнэн ярьдаг, царайлаг, өндөр залуу гээд биччихвэл хүн доромжилсон хэрэгт унаж, 720 цаг хоригдох магадлал жинхнээсээ бий болно. Бүр цаашилбал, царай муутай хүнийг царайлаг гэсэн эсвэл бүр эсрэгээрээ том хамартай хүнийг том хамартай гэж үнэнээр нь хэлсэн ч цаад хүн болоод эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчид таалагдаагүй бол та доромжлолын хэрэгт унаж, насан туршдаа эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээх “цол тэмдэг”-тэй явах юм.
Энэ өөрчлөлтийн нэг хохирогч нь доромжлуулагч этгээд. Иргэний хуулиар хэн нэгэн доромжлуулсан бол хохирлыг нэхэмжилж, залруулахыг шаарддаг. Эрүүгийн хуулиар “хэрэгтэн” этгээдийг торговол торгуулийн мөнгийг төр хоп гээд авчихна, эсвэл шоронд аваачаад хорьчихно. Доромжлуулсан танд сохор зоос, мөр залруулга ч олдохгүй. Олон хүн доромжлуулж, их торгуулах тусам төрийн сан руу мөнгө нь орно, ямар вэ дээ?
Тэгэхээр сэтгүүлчид, комидианчдыг илүү эрхтэй гахай болгох ч гээгүй, “хохирогч”-ийг хамгаалах ч гээгүй, доромжлолыг зогсооох ч гээгүй, зөвхөн төр өөрөө л илүү том гахай хэвээрээ л байх бас нэгэн “гоё” санаа байгаа биз. Иргэн хүн хэн нэгэн хүнд доромжлуулахад, за доромжлоогүйг нь төр буюу тогтоосон байхад ч торгуулийнх нь мөнгийг манай ГАХАЙ-ТӨР авч улам таргална гэсэн үг. Хамгийн аймаар нь хүн доромжилсон гэсэн ямар ч хамаагүй шалтгаар хэн нэгнийг торны цаана суулгаж чадна гэсэн үг. Та үүнийг хүсч байна уу, саналаа хэлээрэй. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх долоо хоногт хэлэлцэх сурагтай байгаа шүү.
А.Туяа
“Ялтай эрх чөлөө” хэлэлцүүлэг 2022.05.23
Сэтгүүлч Б.Энхцэцэгийн "Сэтгүүлч гахай биш" нийтлэлийг ЭНД дарж уншина уу