Монгол Улсын эрх баригчид хэвлэлийн эрхийг хязгаарласан, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад тотгор учруулсан, тэдний бэлтгэж буй мэдээллийн агуулгад хяналт тавих, үйл ажиллагааг хяхан боогдуулах зүйл заалтыг 27 хууль тогтоомжид хулгайгаар оруулж баталсан нь Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 22 байр ухрахад хүргэсэн.
Гэвч энэ нь эрх баригчдад хангалттай байгаагүй бололтой. Энэ сарын 09-ний өдөр нийтийн эзэмшлийн талбайд сурвалжлага хийж байсан Гэрэл медиа агентлагийн сэтгүүлч Г.Гэрэлмааг цагдаа нар хуульд заасан үндэслэлгүйгээр баривчилж, түүнд эрүү шүүлт тулгасан жигшүүрт үйлдэл гаргасан нь Монголын хэвлэлийн байгууллагуудыг нэгдэн тэмцэхэд хүргэлээ.
Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид Сүхбаатарын талбайд 12.00 цагаас эсэргүүцлийн тайван жагсаалыг хийсэн нь "Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон тэрхүү аймшигт зүйл Монголын бүх сэтгүүлчдэд дахин хэзээ ч буй тохиолдоосой, эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хяхан боосон үйлдэл хандлагадаа дүгнэлт хийж, иргэдийн мэдэх эрх, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хумих гэсэн явуургүй оролдлогоо таслан зогсоогоосой" гэсэн зорилготой байлаа.
Чөлөөт хэвлэл байхгүй болбол чөлөөт иргэн гэж байхаа болино.
Монголын хэвлэл мэдээллийн салбар алдаатай оноотой, сайнтай муутай байж болох ч тэд олон ургальч үзлээр, олон талын байр суурийг эн тэнцүү гаргаж, иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж, авлигачдын хийж буй зүй зохисгүй үйлдлийг өөрсдийн чадах хэмжээндээ илчилж, хяналт тавьсаар ирсэн нь маргашгүй үнэн.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД БҮДҮҮЛГЭЭР ХАЛДДАГ ЯВДАЛ ӨНӨӨДРӨӨР ДУУСГАВАР БОЛОХ ЁСТОЙ
Гэрэл зургийн эх сурвалж: gogo.mn сайтын дамжуулсан шууд дамжуулалтаас таслан авав