Өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Б.Дэлгэрсайхан 2015 онд Бурхан багшийн сэрэг дүрийг зэс хөөмлөөр хийлгэн залж, сүсэгтэн олондоо буян болоорой хэмээн 50,000,000 төгрөгийг Дорноговь аймгийн Дэчинчойнхорлин хийдэд хандивлаж байжээ.
Гэвч уг хандивыг хүлээн авсан Дэчинчойнхорлин хийдийн хамба бөгөөд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Жанчивдоржийн Болор-Эрдэнэ гэгч хүн Б.Дэлгэрсайханд хандан таны өргөсөн хандив бурхан багшийг сэрэг дүрийг бүтээхэд хүрэхгүй байна. Нэмж 46 сая төгрөг өгвөл зэс хөөмөл бурханыг бүтээлгэж болохоор байна хэмээн гуйж мөнгө нэмж авсан хэмээн тус хийдийн лам нар манайд мэдээллээ.
Дэчинчойнхорлин хийдийн хамба Ж.Болор-Эрдэнэ 2015 онд Б.Дэлгэрсайхан гишүүний өргөсөн хандивын мөнгөнөөс “Мэдрэхүйн мэлмий” ХХК руу “Бурхан багшийн сэрэг дүрийг бариулах төлбөр” хэмээн 77,500,000 төгрөгийг нь шилжүүлсэн гэх боловч уг бурхан баригдахгүй бүхэл бүтэн дөрвөн жил болсны эцэст 2019 онд бурхан багшийн сэрэг дүрийг Дэчинчойнхорлин хийдийн өмнө залж байжээ.
Гэвч тус бурхан нь зэс хөөмөл бус харин шавар гипсэн бурхан байсан бөгөөд ашиглалтад орсноос хойш ердөө хоёрхон жилийн дараа гэхэд энд тэндээсээ хагарч цууран юу юугүй үйрч унахад дөхжээ.
Дэчинчойнхорлин хийдийн лам нар бидэнд өгсөн мэдээлэлдээ
“Манай хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ эд мөнгөний их сонирхолтой, улс төрч хүн байдаг. Буян номын үйлээ хийхийн оронд улс төрийн намд элсэж Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Хийдийнхээ лам нартай маш бүдүүлэг дээрэнгүй муухай харьцдаг. Би та нарыг тэжээж байгаа шүү. Аятайхан байж чадахгүй бол зайлаарай гэж үргэлж дарамталдаг. Манай хамба лам УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас бурхан бүтээхэд нэмэр хандив болооч хэмээн 96 сая төгрөг авсан мөртлөө бурхнаа бүтээхгүй дөрвөн жил алга болсон. Б.Дэлгэрсайхан гуай бурхан маань хэзээ босох вэ гэж хэд хэдэн удаа асуугаад сүүлдээ буянаараа болог гээд гомдоод манай хийдтэй холбогдохоо больсон. Манай хамба Ж.Болор-Эрдэнэ 96 сая төгрөгийн хандив авсан мөртлөө тэр мөнгөнийхөө ердөө 77 саяыг нь шилжүүлснээс үүдэлтэйгээр ийм чанаргүй, гипсэн бурхан боссон гэж бид боддог. Одоо тэрхүү бурхан маань хагарч цуураад үйрч унах гэж байгаад гомдолтой байна” гэсэн юм.
Энэхүү мэдээллийн дагуу бид бүхэн “Дэчинчойнхорлин” хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэтэй утсаар холбогдон тодруулахад
“Би хийдийнхээ өмнө Бурхан багшийн сэрэг дүрийг зэс хөөмлөөр бүтээлгэж, урд талдаа бичил цэцэрлэгтэй, хоёр талдаа суварга бүтээлгэх санал санаачилгыг өөрөө гаргасан. Тэгээд нутгийн бизнесмен Б.Дэлгэрсайхантай уулзаж, бурхан бүтээмээр байна. Та хандив өгөөч гэж гуйхад 96 сая төгрөгийг өгсөн. Тэгээд би тэр мөнгөөр ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр бурхан бүтээдэг ямар хувь хүн, компани байна хэмээн сураглаж яваад “Мэдрэхүйн мэлмий” гэдэг компанийг олж уулзан гэрээ байгуулсан. Гэвч тус компанийнхан бүтэлгүйтээд гурван жил бариагүй. Адаг сүүлдээ шүүх цагдаадаа тулж байж бурхнаа бариулсан боловч чанар муутай юм хийгээд өгчихсөн. Би идсэн уусан зүйл байхгүй. Б.Дэлгэрсайхан гишүүний өргөсөн хандивын үлдэгдэл мөнгө нь хийдийн дансанд үлдэж, хийдийн өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдсан” гэдэг хариуг өглөө.