“MN25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтайгийн охин А.Энхзул албан тушаалын шатаар огцом өгсөж, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч болсныхоо дараа тус чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож буйгаа мэдэгдэж, 88 иргэн аж ахуйн нэгжид газар олгосон тухайгаа “Монголын эдийн засгийн чуулган 2022”-д анх олон нийтэд зарлаж байв.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн эзэмшил газар дээр ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр, нууц байдлаар олгогдсон тэрхүү 88 газрын гурав нь УИХ-ын гишүүн Цогт-Очирын Анандбазарын төрсөн дүү болох Цогт-Очирын Пүрэврэнчингийн нэр дээр бүртгэлтэй "СОД МОНГОЛ ГРУПП ЧӨЛӨӨТ БҮС" ХХК болон "ИНТЕР СТАНДАРТ НЕФТЬ ЧӨЛӨӨТ БҮС" ХХК, Ц.Анандбазарын төрсөн ээж Зундуйн Бямбаагийн нэр дээр бүртгэлтэй “НЬЮ ТУР САФАРИС ЧӨЛӨӨТ БҮС" ХХК-д олгогдсон нь бидний анхаарлыг татав.
Тухайлбал, А.Энхзул захирагч Ц.Анандбазарын хамаарал бүхий уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй "СОД МОНГОЛ ГРУПП ЧӨЛӨӨТ БҮС" ХХК-д шатахуун түгээгүүрийн зориулалтаар 0.7 га газрыг,
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч чиг үүрэгтэйгээр байгуулагдсан "ИНТЕР СТАНДАРТ НЕФТЬ ЧӨЛӨӨТ БҮС" ХХК-д үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалтаар 2.72 га газрыг,
Ц.Анандбазарын төрсөн ээж Зундуйн Бямбаагийн нэр дээр бүртгэлтэй “НЬЮ ТУР САФАРИС ЧӨЛӨӨТ БҮС" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрыг тус тус олгосон байна.
А.Энхзул захирагчийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий компаниудад Замын-Үүд чөлөөт бүсийн эдэлбэр газар дотор олгосон газрын нийт хэмжээ нь 4.42 га буюу нийт 44,200 мкв байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар их хэмжээний хөрөнгө оруулна хэмээн асар их хэмжээний газрыг авсан хэрнээ уг газар дээрээ ямар нэгэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгээгүй болохыг Замын-Үүдийн чөлөөт бүсээс бидэнд мэдэгдсэн билээ.
Одоогоос жил хагасын өмнө УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, ёс бусаар хүчирхийлсэн асуудлыг илчилсэн нэвтрүүлгийг сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар хамтран бэлтгэж олон нийтэд хүргэсэн.
Уг нэвтрүүлэг цацагдсаны дараа “MN25 дугаар суваг” телевизийнхэн яллагдагч Ц.Анандбазарыг “Ам нээвэл” нэвтрүүлэгтээ урьж, түүний “хийсэн үйлдлийг” хийгээгүй болгон яриулж, олон нийтийг төөрөгдүүлж байв.
Мөн энэ мөчөөс эхлэн А.Энхзул, Ц.Анандбазар нарын хамтын ажиллагаа эрчимжсэн хэмээн эх сурвалж хэллээ.
А.Энхзул Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч болсны дараагаас түүний жилийн орлого нь 80,000,000 хүрч даруй найман мянга дахин нэмэгдсэн бол монгол улсын банк санхүүгийн байгууллагад байршуулсан бэлэн мөнгөний хадгаламж нь даруй 118 дахин өсөж, 2,920,000 төгрөгөөс 345,000,000 болсон. Түүнээс гадна А.Энхзул захирагчийн эзэмшдэг үнэт эдлэлийн үнийн дүн нь 10.6 дахин өсөж, 10,000,000 төгрөгөөс 106,000,000 төгрөгт хүрсэн нь албан тушаалын эрх мэдлээ авлига авах хэрэгсэл болгосон байж болзошгүй гэх асуудлыг бид өмнө илчилсэн.
Уг мэдээллийн дагуу АТГ-аас Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч А.Энхзулыг шалгасан бөгөөд түүнийг үндэслэлтэйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж хэргийг хаасан. Гэхдээ ямарч хувийн компанигүй төрийн албан хаагчийн хөрөнгө чухам ямар үндэслэлээр 118 дахин өссөнийг бидэнд мэдэгдэхээс АТГ-ынхан татгалзсан билээ.