Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Миний өрөөний үүдэнд тавьсан халуун хэмжигчийг би хувийнхаа мөнгөөр худалдан авсан” хэмээн зарлаж, “Биггрийн лайт” ХХК-иас тамга тэмдэгтэй 5,000,000 төгрөгийн баримтыг олон нийтэд дэлгэсэн.
Хотын даргын уг мэдээлэл үнэн эсэхийг нягталж “Биггрийн лайт” ХХК-тай 969920** утсаар холбогдон тодруулахад “Манай компани “Эко” нэртэй цэвэр ус болон “ICE” нэрийн баллонтой цэвэр усыг үйлдвэрлэж, түгээх үйл ажиллагааг л явуулдаг. Металл илрүүлэгч болон халуун хэмжигч огт зардаггүй. Тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Хотын даргад ямар ч халуун хэмжигч зараагүй” гэх эрс үгүйсгэсэн тайлбар өглөө.
Бид хотын даргын жиргээнд ямар нэгэн эндүүрэл гарсан байж болзошгүй хэмээн үзэж, нягтлах үүднээс Д.Сумьяабазарын 991108** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байлаа. Тиймээс түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад өдгөө зөвлөх нь болсон М.Мөнхчимэгтэй утсаар холбогдож “Нийслэлийн Засаг дарга өрөөнийхөө үүдэнд тавьсан халуун хэмжигчийг хувийнхаа мөнгөөр таван сая төгрөгөөр худалдан авсан гэж өчигдөр жиргэсэн. Энэ мэдээлэл нь үнэн үү” хэмээн нягтлахад “Үнэн шүү дээ. Өөрөө баримтыг нь хүртэл гаргаж тавьсан байгаа биз” хэмээн хариулав.
Тэгэхээр хотын дарга маань хувийнхаа мөнгөөр, бүр таван сая төгрөгөөр халуун хэмжигчийг “Биггрийн лайт” ХХК-аас худалдан авсан гэх мэдээлэл мэт ор үндэсгүй худал зүйл болж таарлаа. Тэрбээр хоёр ч хонохгүй баригдах зүйл дээр яагаад худлаа ярьсан нь анхаарал татаж байна.
Харин Нийслэлийн Засаг даргын үүдэнд тавигдсан метал илрүүлэгч, халуун хэмжигч төхөөрөмжийн талаар судлан үзэхэд “Тухайн бүтээгдэхүүн нь БНХАУ-ын Донггуан хотод төвтэй, биометр баталгаажуулалтын дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэдэг ZKTeco гэх компанийн үйлдвэрлэсэн Walk Through Metal Detector ZK-D3180S серийн бараа бүтээгдэхүүн” болох нь тогтоогдлоо. Уг бүтээгдэхүүн тоо ширхэгээсээ хамаараад 850-1000 ам.доллараар худалдаалагддаг байна.