“Намайг Б.Борхүү гэдэг. Би 57 настай ганц бие эмэгтэй. Өнгөрсөн хугацаанд интернет худалдаа эрхлэн өөрийнхөө амьдралыг боломжийн хөөрхөн аваад явдаг байсан. 2020 оны есдүгээр сарын 18-ны гайт тэр өдөр Баянгол дүүргийн 16-р хороо, Гандангийн хажууд байрлах “Экстра” орос худалдааны төвөөр үйлчлүүлсэн юм. Ингээд 20 цагийн үед тус газар хааж байна гараарай гэсний дагуу дэлгүүрээс гарахад тус байгууллага үйлчлүүлэгч нь гарч дуусаагүй байхад гадаах гэрлээ унтраачихсан байсан. Тэгээд би харанхуйд шатаар буух гэж байхдаа хий гишгэж шатны уруу нисэх үедээ хөлөө хугалсан.
Унах үедээ хүчтэй доргилт авсны улмаас нүдний торлог гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдаж, бусдын асаргаанд орсон.
Би энэ бүхэнд “ЭКСТРА” худалдааны төвийнхөн ямар нэгэн хэмжээгээр буруутай хэмээн тус байгууллагын эзэмшигч “РУСБЕЛ” ХХК-ийн захирал н.Сувд, менежер н.Энхболд нартай холбогдоход “Та өөрөө шатнаас үсрээд хөлөө хугалчихсан юм биш үү. Шүүхээр явж заргалдаарай” хэмээн загнан доромжилсны зэрэгцээ надаас нэг ч уучлал гуйгаагүй ээ.
Хэрвээ би тус байгууллагаар үйлчлүүлэх үед тэднийх гадаах гэрлээ унтраагаагүй байсан бол би өдийд эрүүл саруул байж, ажил хөдөлмөрөө эрхэлж амьдралаа аваад явчих л байсан. Би хөлөө хугалсны дараа хүнд мөнгө төлж асруулсны зэрэгцээ 2021 оны 3-р сарын 21-ний өдөр “Болор мэлмий” эмнэлэгт нүдний хагалгаанд орсон.
Тэнгэр муухайрах бороо орох бүрд хугарсан хөл минь янгинаж өвддөг. Байнгын зовуурьтай байгаа. Хэрвээ би шатны уруу унаж хүчтэй доргилт аваагүй бол нүдний хагалгаанд орохгүй байх байсан.
Би “ЭКСТРА” худалдааны төвийн шатнаас унахаасаа өмнө интернет худалдаа явуулж, жилдээ 19 сая төгрөгийн борлуулалтын орлого олж чаддаг байсан. Харин эрүүл мэндээ алдсанаас хойш нэг ч төгрөгийн орлого олоогүй зэрэгцээ эмчилгээ, сувилгаа, хагалгаанд маш их зардал мөнгө төлж хохирсон.
Тиймээс би Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд РУСБЕЛ ХХК-д холбогдуулан өөрт учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр 12,300,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх миний хүсэлтийг хангахгүйгээр РУСБЕЛ ХХК-ийн талд шийдвэрээ гаргасанд маш гомдолтой байна.
Монголын шүүх ядарсан хүний талд биш мөнгөтэй том компанийн талд шийдвэрээ гаргадаг юм байна. Шүүхийн маргаан өрнөх хугацаанд намайг тус компанийн зүгээс маш их доромжилж дарамталсан. Би эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч сүйдсэн байхад энэ бүхэнд буруутай “ЭКТРА” төвийнхөн ямар ч хариуцлага хүлээсэнгүй” гэсэн байв.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс РУСБЕЛ ХХК-ийн хүмүүстэй утсаар холбогдон хариу тайлбар хүсэхэд “Бид энэ хэргийн талаар мэднэ. Манай захирал тухайн үед Б.Борхүү гуайтай уулзаж уучлалт гуйж байсан. Шатнаас унасныхаа дараа эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж, хоол унд аваачиж өгдөг байсан. Тэр хүн биднийг эргэлтээр очих үед маш их аашлаад уурлаад байхаар нь тайван орхих хэрэгтэй юм байна гэж үзсэн. Гэтэл Б.Борхүү гуай нэг жилийн дараа шатнаас унаж гэмтсэн тухай асуудал яриад ирэхэд нь манай Ерөнхий захирал хүлээн авч уулзаад уучлал гуйсан. Манай байгууллагын эзэмшил газар дээр унасан учраас бидний буруу байгаа. Хохирлыг нь боломжийн хэмжээнд төлөх асуудлыг ярих гэж оролдоход тэр хүн би шүүхээр явж асуудлаа шийднэ та нартай ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Дорд үзэж доромжилсон зүйл огт байхгүй” гэв.