Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн захирал С.Тулга нь “сурагч хүчирхийлсэн хэргээр ял эдэлсэн А гэдэг багшийг дахин ажилд авлаа” гэдэг гомдол мэдээллийг тус сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхчүүдээс НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн багт ирүүллээ.
Хэргийг тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд багшаар ажилладаг нэр бүхий гурван этгээд тус суманд байрлах “Нарны өртөө” зочид буудалд 12 дугаар ангийн хоёр охиныг дуудан архидан согтуурч, энэ үеэрээ нэг охиныг хүчирхийлсэн хэргээр шүүхээс тус бүр нэг жилийн хорих ял сонсож байжээ.
Уг ялыг эдэлж дууссан А гэх багш 2022 оны есдүгээр сарын 01-нд сургуульдаа эргэн орох хүсэлтээ албан ёсоор гаргасныг хүлээн авч, А-г биологийн багшаар эргүүлэн ажилд нь томилох шийдвэрийг тус сургуулийн захирал С.Тулга гаргасан байв.
Бид мэдээллийг тус сургуулийн сургалтын менежер Ж.Мягмарсүрэнгээс тодруулахад “Манай суманд биологийн багш байхгүй байгаа. Тиймээс А багшийг ажилд нь эргүүлэн авах шийдвэрийг захирал гаргасан нь үнэн. А багшид шүүхээс ял оноохдоо төрийн албанд ажиллах эрхийг хасах шийдвэр гаргаагүй байсан. Тиймээс тухайн хүнийг эргүүлэн ажилд авах нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэж бид үзсэн” гэх тайлбарыг өглөө. Өмнө нь сурагч хүчирхийлсэн хүн дахин тухайн хэргээ үйлдэхгүй гэх баталгаа байгаа юу гэхэд “Би энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Ажилд авах шийдвэрийг гаргасан захирал маань тодорхой хариултыг өгөх байх” гэлээ.
Харин С.Тулга захиралтай холбогдох гэсэн боловч түүний утас тэжээлээс салсан гэх төлөвтэй байв.