Сайн байна уу? Сэтгүүлч ахаа. Би одоо 21 настай. Их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан.
2022 оны 10-р сарын сүүлээр би жирэмсэн болсноо мэдээд маш их баярлаж, эрүүл хүнс хэрэглэж эмчийн бичиж өгсөн эмнүүдийг цаг тухайд нь ууж өрхийн эмнэлгийнхээ хяналтад орсон.
Эход хэд хэдэн удаа харуулсан. Долоон долоо хоногтой жирэмсэн байхдаа эход харуултал ургийн зүрхний цохилт орж ирээгүй байна. Өсөлтгүй жирэмслэлт байх магадлалтай гэж эхоны эмч хэлсэн. Үүнийг сонсоод эмнэлгээс гарангуутаа цурхиртлаа их уйлж билээ. Жирэмсэн эхчүүдийн группээс асуутал долоо хоног хүлээгээд эход харуулаад үзээрэй, зарим нь ороод ирдэг юм гэхээр нь гандан орж зөндөө мөргөж, ном уншуулчихаад гэртээ ирээд гам сайн барьсан.
Гэтэл доошоо маш бага цусархаг зүйл гарсан. Өрхийн эмнэлэг дээрээ очоод болсон учир явдлаа хэлтэл угаасаа бага зэрэг гарах ёстой гээд тоогоогүй дүүргийн эмчийн цаг аваад үзүүлээрэй гэж хэлээд гаргасан.
Тэр өдрөө дүүргийн эмнэлэг дээр очтол эмч нь байгаагүй. Маргааш нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул үзүүлж чадаагүй. Яг бүх нийтийн амралтын өдөр бие маань нэг л сонин байлаа. Тэр орой нь давсгаар базлаж хатгаад алхахад их хэцүү арай гэж автобусанд суугаад яармагийн эх нялхасын яаралтай тусламж дээр очсон. Очоод учир явдлаа хэлээд стор нээлгээд хэвтэхээр болсон. Миний стор цахимаар нээгдэхгүй байсан тул эмч нь гараар нь бичиж нээсэн. Нээж байх хугацаанд би маш их цус алдсан. Бие засах өрөө ортол доошоо нэг бөөрөнхий зүйл уначих шиг болсон. Тэгээд л нойлын усаа татаад гарсан. Эмч дээшээ гараарай эход харна гэхээр нь эход харуултал зулбаад гарчихсан байна. Тав хоног хэвтэнэ сав агшаах тариа хийнэ гээд тав хоног хэвтэн эмчлүүлсэн. Доошоо цус гарсаар л байсан. Надтай адил шалтгаантай маш олон охид, ээжүүд ирж байсан.
Минийх шиг зулбаж гараагүй бол цэвэрлүүлдэг юм билээ. Цэвэрлүүлж буй эмэгтэйчүүдийн орилох дуу үнэхээр хэцүү ээжээ гээд л орилж байсан. Өмнө нь өсөлтгүй жирэмслэлт маш бага байсан юм билээ.
Харин 2017, 2018 онд 4000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байсан. Энэ тийм ч бага тоо биш. Сүүлийн үед төрөлт багассан, амьгүй төрөлт ихэссэн. Хэдхэн долоо хоногтой ээжүүд, охидуудаас эхлээд долоон сартай ураг хүртэл амьгүй болж байгаа гэсэн. Анхны хүүхдээ ийм муухайгаар алдсан. Одоо би дахиж хүүхэдтэй болохоос айж байна. Дахиад амьгүй болчих вий гэсэн айдас бий болчихсон. Шинжилгээнүүд маань сайн гарсан. Эмчээс асуухад үрэвслээс болж ингэдэг гэж хэлсэн боловч өсөлтгүй болсон ээжүүд үрэвслийн эм тариа сайн ууж, дараагийн хүүхдээ эсэн мэнд төрүүлэхийн тулд эртнээс бэлдсэн хэдий ч удаа дараа буюу 4-5 удаа ураг нь өсөлтгүй болсон ээжүүд ч бас байна.
Яагаад Эрүүл Мэндийн Яам үүний талаар судалгаа хийж арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Үүний учир шалтгааныг сурвалжлаад өгөөч ахаа. Энэ харамсалтай явдалд би эмч нарыг огт буруутгахгүй ээ.