Манай Нууц.МН сайт руу маш олон хүмүүс холбогдож, "Эх оронч" Б.Тулга хаачсан бэ, түүнийг ямар хэргээр, хаанаас баривчилсан бэ хэмээн асууж байсан тул дараах мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн "Тусгаар тогтнол" нэртэй хөдөлгөөнийг цэргийн хувцас өмссөн залуус эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж эхэлсэн.
Туурга тусгаар, эрх чөлөөт улсын иргэд атлаа "Тусгаар тогтнол" нэртэй хөдөлгөөн үүсгэж, нацист Германы бэлгэдэл бүхий эд хэрэгсэл агсаж, жагсаал цуглаан хийж, залуусыг эгнээндээ нэгтгэж эхэлсэн энэ хөдөлгөөний удирдагч, Г.Тулга нарын таван залууг Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 02-ны шөнө баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид цагдан хорьсон байдаг.
Эдгээр залууст улсын яллагч Эрүүгийн хуулийн 19.8-т заасан "Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн" гэдэг зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, яллуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа юм байна.
Шүүх тэднийг гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд "нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх" хуулийн заалттай аж.
Иймд иргэд та бүхэндээ сэрэмжлүүлэхэд Үндсэн хуулиар хамгаалсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ "Тусгаар тогтнол гэх нэр ашиглахгүй байх, эх орныхоо тусгаар тогтнолынхоо эсрэг үг хэлэхгүй байх, нацист, цэрэгжсэн хувцас хэрэглэл өмсөхгүй байх" ёстойг анхаарна уу.