Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Шарга морьтын аманд 25 га талбай бүхий эдэлбэр газартай, 13,600 мкв үл хөдлөх хөрөнгөтэй, нэг ээлжинд 600 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай зусланг БНМАУ-ын Засгийн газар тэртээ 1984 онд барьж ашиглалтад оруулж байв.
Гэтэл уг зусланг тэртээ 2000 онд Ц.Анандбазарын хамаарал бүхий компани менежментийн хувьчлалаар авсан байдаг. Тэд “Дружба зусланг бид иж бүрэн засварлана. Өвөл зунгүй ажилладаг болгоно. Яг анхны зориулалтаар нь ашиглана” гэж хэлж авснаас хойш даруй 23 жил өнгөрчээ.
Ийм зуслан байсан юм шүү гэдгийг мэддэг санадаг хүн ч байхгүй болсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэж байх үед 2014 онд уг зусланг төрд буцаан авах гэж нэг үзээд нам дарагдсан юм даг.
Одоо Монголын хүүхэд залуучуудад нэн эрэлттэй байгаа зүйл бол хүүхдийн зуслан. Тиймээс хүүхэд залуусын хөгжлийг дэмжих зориулалтаар баригдсан энэ байгууламжийг төр мэдэлдээ буцаан авч, улмаар хариуцлагатай, санхүүгийн чадамжтай өөр компанид нээлттэй дуудлага худалдаагаар уг зусланг дахин олгож зориулалтын дагуу ашиглах цаг хэдийн болж.