ЦУОШГ-ын харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяa нь байгууллагынхаа нэр дээр бүртгэлтэй автомашиныг байгууллагадаа 2,177,955 төгрөгөөр түрээсэлж, байгууллагадаа хохирол учрууллаа гэх хачирхалтай баримт НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн багт ирлээ.
ЦУОШГ-т ажилладаг, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Манай байгууллагын дарга удирдлагууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олдог явдал бүр хэрээс хэтэрлээ.
Манай байгууллага 2019 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Мицубиши L200 маркийн автомашиныг цоо шинээр нь авч, 1939УНЧ улсын дугаартайгаар байгууллагынхаа нэр дээр бүртгэж ашиглаж байгаа. Хөдөө гадаа явах ажилд ганцхан энэ машинаа л ашигладаг юм.
Гэтэл манай захирал Г.Сарантуяа нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв, Хэнтий, Дундговь аймгуудад байрлалтай КОМПСАТ 5-6 хиймэл дагуулын гурвалжин ойлгогчийн тохиргоог хийнэ хэмээн Гантөмөр овогтой Раднаа гэгч залуутай автомашин түрээслэх гэрээг үзэглэж, түүний данс руу 2,177,955 төгрөгийг шилжүүлсэн гэрээг би сая олж харлаа.
Хамгийн хачирхалтай нь Г.Раднаа гэдэг залуугаас түрээсэлсэн автомашин нь манай байгууллагын машин байх юм. Г.Сарантуяа захирал энэхүү луйвар булхайгаа нуухын тулд машины улсын дугаарыг 1939УНҮ гэж гэрээн дээрээ бага зэрэг өөрчилж бичсэн байна билээ.
Яагаад ийм зүйл болов хэмээн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрх бүхий албан тушаалтнуудаас асуусан чинь “Олон юм хуцаад бай. Байгууллагын шилэн дансыг ухаад байвал өөрийг чинь би ухна шүү” гэж сүрдүүллээ” гэсэн юм.
Бид мэдээллийг нягтлах үүднээс ЦУОШГ-ын харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэнд 1939УНҮ улсын дугаартай Мицубиши L200 маркийн автомашиныг түрээсэлсэн гэх Г.Раднаагийн 880148** дугаарын гар утас руу залгахад “Орох ярианы эрх хаагдсан” гэх төлөвтэй болсон байв.
Харин Г.Сарантуяа захирлын 9908 дугаарын утас руу хэдэнтээ залгасан боловч огт хариу өгсөнгүй.