Тавантолгой түлш ХХК-ийн Захиалагчийн хяналтын хэлтсийн даргаар 2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр томилогдмогцоо амьдрал нь алга урвуулахын адил дэвжиж баяжсан гэх Бат-Эрдэнийн Баясгалантай холбоотой мэдээлэл ирснийг хүргэж байна.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэхдээ:
“Бат-Эрдэнийн Баясгалан гэх залууг би сайн мэднэ. Тэрбээр хадмынхаа хажуу өрөөнд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тарчиг нэгэн байсан. Хадам ээж нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хороонд албан тушаал хашдаг байсан учраас ил далдаар нөлөөлж байгаад хүргэнээ төрийн өмчийн компанийн хамгийн их мөнгө эргэлддэг хэлтэст оруулсан юм билээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар По Ганбаа (М.Ганбаатар) ажиллаж байх үедээ Б.Баясгаланг өөд нь татаж Тавантолгой түлш ХХК-ийн хэлтсийн дарга болгосон юм даг. Энэ хоёр одоо чухам ах дүү болцгоосон байна билээ.
Б.Баясгалан Тавантолгой түлш ХХК-д ирэхдээ сольж өмсөх цамц ч үгүй нэгэн ирсэн. Ажлынхандаа “Би хадмынхаа хажуу өрөөнд зутруухан амьдардаг. Өөрийн гэсэн байр худалдан авахаар 10 сая төгрөг арайхийн цуглуулсан чинь эхнэр маань үрэн таран хийчихсэн. Би үнэхээр хэцүү байна” гэх зэргээр ярьж гоншигнодог байсан энэ залуу нүүрсний шуудай худалдан авах ажлаар Хөх хот руу яваад ирснийхээ дараахнаас гэнэт өөдөлж эхэлсэн.
ХУД-т гурван өрөө байр, грааж авсан. Бүх хүүхдүүдээ хувийн сургуульд сургадаг болсон. Эхнэрээ Тавантолгой төмөр зам төрийн өмчийн компанид нярваар ажилд оруулсан байна билээ. Чи өөрөө хөрөнгө орлогын мэдүүлгийг нь ороод харвал ямар хэмжээний хөрөнгө бэлтэй болсныг шууд мэдэж болно. Төрийн өмчийн компанийн нэг хэлтэст ажилд ормогцоо ингэж огцом баяжсан нь мэдээж авлига албан тушаалын гэмт хэрэг байж магадгүй.
Одоо Б.Баясгалан байнга л үнэтэй ресторанд хоол идэж буй зургаа оруулж, гадаад дотоодоор аялсан зургаа гайхуулж нийтэлж гайхуулдаг болсон байна лээ.
Олон нийтэд мэдээлж, энэ залууг шалгуулбал их ноцтой олон олон гэмт хэргийн сэжүүр гарна” гэсэн юм.
Бид Б.Баясгалангийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг шүүрдэж үзэхэд “Б.Баясгалангийн жилийн орлого 44 сая төгрөг, эхнэрийнх нь орлого 68 сая төгрөг, 366,000,000 төгрөгийн үнэ хүрэх хоёр үл хөдлөхтэй, 23,000,000 төгрөгийн мал аж ахуйтай, 49.5 сая төгрөгийн хадгаламжтай” гэсэн байв.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Б.Баясгалантай уулзаж, түүнээс хариу тайлбар тодруулга авахад:
Би 2008 онд ШУТИС-ийг төгссөнөөс хойш MCS группэд ажилд орж улмаас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэргэжилтнээс албаны дарга болтлоо дэвшин ажилласан. Хадмынхаа хажуу өрөөнд 10 гаруй жил амьдарсан минь үнэн. Би орон сууц худалдан авах урьдчилгаа хөрөнгөтэй болохын тулд л тэгж амьдардаг байсан. 2018 оны есдүгээр сард Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар намайг ажилд урьж дөнгөж шинээр байгуулагдсан үйлдвэрийнхээ захиалагчийн хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилд авсан. Улмаар 2020 онд тушаал дэвшүүлэн хэлтсийн дарга болгосон. Би орон сууцаа ипотекийн зээлээр 2020 оны гуравдугаар сард авсан. Шууд баяжиж өөдөлсөн зүйл байхгүй. Хүүхдүүд минь хувийн сургуульд сурдаг нь үнэн. Гэхдээ маш бага төлбөртэй хувийн жижиг сургуульд л сургадаг. Миний ажилладаг байсан Тавантолгой түлш ХХК-ийн Захиалагчийн хяналтын хэлтэс нь худалдан авах ажиллагаатай хамаагүй. Мөнгө төгрөг эргэлддэг хэлтэс ерөөс биш. Нэгэнт шалгарсан тендерийн гүйцэтгэлд л хяналт тавьдаг. 2023 оны хоёрдугаар сард намайг орон тооны цомхотголоор ажлаас халсны дараа гурван сарын турш ажилгүй байж байгаад 2023 оны тавдугаар сард Эрдэнэс таватолгой ТӨХК-д сонгон шалгаруулалтад орж мэргэжилтнээр ажилд орсон. Надад авлига авсан зүйл огт байхгүй. Амьдралын төлөө тэмцэж яваа жирийн нэг хүн” гэх хариу тайлбарыг өглөө.