ХУД-ийн 23-р хороо, Нүхтийн замын тендерт шалгарсан "Арж капитал" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Түвшиндаваа хэмээх энэ хүн аж.
"Арж капитал" компани нь Нүхтийн ам руу чиглэсэн 1.6 км урттай, нэг талдаа 2 эгнээтэй, зорчих хэсгийн нийт 4 эгнээтэй автозам тавина хэмээн тендерт шалгарч, хуучин автозамыг хуулах ажлыг аравдугаар сарын 01-ээс эхлүүлсэн.
Гэвч тэрбээр хуучин замыг хуулж, гүнзгий далан ухаж, тус бүсэд оршин суугчдыг орон гэртээ очих боломжгүй болгомогцоо зам барилгын ажлаа бүрэн зогсоосон нь гайхмаар.
Хариуцлагагүй, арчаагүй ийм компанийн зүй бус үйлдэл нь тус бүсэд оршин суудаг мянга мянган иргэний ахуй амьдрал маш их түвэг чирэгдэл учруулахын зэрэгцээ, эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг нь ноцтой зөрчиж байгаа юм.
"Арж капитал" ХХК нь нүхт чиглэлийн хатуу хучилттай автозамын далангийн суурийг 1 метр орчим гүн ухсан хэрнээ хязгаарлалт, хамгаалалтын шугам татаагүй, анхааруулга тэмдэглэгээг огт хийгээгүй тул шөнө оройн цагаар уг замын хажуугаар зорчиж буй олон мянган хүмүүс уг замын далан руу унаж бэртэх, цаашлаад амь насаа ч алдах бодит эрсдэлийг бий болгоод удаж байна.
Энэ хариуцлагагүй албан тушаалтандаа нэн даруй хариуцлага тооцож, ажлыг нь хийлгэхийг Нийслэлийн Засаг дарга Х.НЯМБААТАР, Нийслэлийн Замын хөгжлийн газар -аас шаардаж байна.