Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхээр айдастай өвлийг давсан. Тэгвэл өдгөө эх орныхоо хөрсөнд тариалж дотоодын хэрэгцээгээ хангаж буйг нь дэмжих нь бүү хэл салхинд хийсгэх бодлого барихаар болов уу гэлтэй шийдвэрүүд гаргалаа.
Гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэх хууль батлагдлаа. Тодруулбал, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль батлагдсанаар:
- Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ.
- Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно.
- Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно. Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ" хэмээн лоозондов.
Ийнхүү "гуйлгачин" монгол зангаа тавихгүй байсаар дахин хэрэгжүүлж хүнсний хувьсгалаа ч ухраах алхам руу түлхэж орхилоо. Тэртээ 2008 онд С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ОХУ-аас 100 мянган тонн гурил, будаа гуйж очсон түүхтэй. Ийнхүү идэх хоолоо хүнээс гуйж явна гэдэг гутамшиг гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлж асуудлыг даван гарч байлаа.
Үүнийхээ үр дүнд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болсон билээ. Гэвч энэ үйл явдлыг эргэн давтах гээд байгаа нь харамсалтай. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой. Энэ нь бодит байдал дээр хэрэгжвэл бид дахиад л үйлдвэрлэлгүй зогсож буудайгаа ч эх орондоо тариалах боломжгүй болж олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ.
Бичигдээгүй хуулийн зарчмын дагуу иргэд импортоор орж ирсэн хямд гэх гурилыг сонгож хүнсэндээ хэрэглэх нь тодорхой. Ингээд хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дотооддоо гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангана гэж сүртэй "Хүнсний хувьсгал" эхлүүлсэн нь цагаан дээр хараар бичигдэн үлдэхээс өөр ахиц дэвшилгүй үлдэнэ. Манай улс өдгөө махны зах зээлээ Хятадуудад алдчихаад дарлуулж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Бүхий л зүйлдээ хараат болж байна гэдэг ажилгүй, анхайгүй монгол хүмүүсийг ирээдүйд төрүүлэхэд хамгийн их түлхэц болж буйгаа улс төрчдийн хэн нь ч ойлгохгүй байна гэж баймгүй!!!
Өнөөдрийн хямд үнэ хэмээн хэлэхийн цаана ирээдүйд бид өчнөөн саяар ч гурилаа авч идэх байдалд хүрч мэднэ. ОХУ-аас шатахуунаа нийлүүлэхгүй гэхэд хомсдолд орж үнэ нэмдэгтэй агаар нэг. Ирэх сонгуульдаа ахиухан санал авах гэсэн өнгөц бодлогын үр дүнд бид улсаараа амсах болж буй нь эмгэнэл. Атрын аянаа хамгаалах гэж гаалийн татварыг тавьж байсан. Гэтэл өнөөдөр бүр салбараар нь татаж унагах бодлогыг барьж эхлэх нь юуны учир вэ?!
эх сурвалж: Доргио.мн