БНСУ-ын иргэд Монгол Улс руу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд визгүйгээр нэвтрэх эрхтэй болсон.
Гэвч энэхүү азтай завшааныг ашиглан тус улсын иргэд Монгол Улсад орж ирээд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмчилгээ, оношилгоо, гоо сайхны мэс ажилбар хийх зөрчил ихээр гаргах болсон тул тус улсаас зорин ирэгсдийг хянан шалгах ажлыг хилийн шалганыхан эрчимжүүлсэн байна.
БНСУ-аас Монгол Улс зорчин ирж буй аялагчдын тоо нэмэгдэх нь сайшаалтай хэдий ч аялах зорилгогүйгээр хууль бусаар ажил хөдөрмөр эрхлэхээр ирж буй хүмүүсийг буцаах зөв билээ.
2024 он дөрөвдүгээр сараас зургадугаар сарыг хүртэлх хугацаанд аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй Солонгосын 86 иргэнийг хилийн шалган дээрээс буцаасан гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.
Мөн аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй Солонгосын иргэдийг хилийн шалган дээрээс буцаадаг болсноос хойш Солонгос Улсын хилийн шалганыхан Монголчуудыг үндэслэлгүйгээр буцаах нь харьцангуй буурсан гэх мэдээ байна.
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Монголчуудын визийг гурван сарын турш хүлээгдүүлж олгохын зэрэгцээ, албан ёсны визтэйгээр тус орныг зорин очсон иргэдийг олноор нь хил дээрээсээ буцаадаг зүй асуудал гарсаар байгаа нь үнэн юм.
Зөвхөн энэ он гарснаас хойш л гэхэд Монгол Улсын 600 гаруй иргэнийг БНСУ хилийн шалган дээрээсээ буцааж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохироожээ.