
Энэ бүсгүйг Террил Атиэнза гэдэг байсан. Байсан хэмээн тодотгож буй нь тэрбээр Монгол Улсын тэргүүн бизнесмен Эрэл группийн эзэн Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад учир битүүлгээр 2011 оны арваннэгдүгээр сарын дундуур нас барсан юм.
Тэрээр нөхөр, дөрвөн хүүхдийнхээ хамт Филиппин Улсдаа амьдардаг байсан бөгөөд ажил хийж олсон орлого нь амьжиргаанд нь хүрдэггүй байсан тул арга буюу өндөр цалин хөлс авч сайхан амьдарна гэсэн итгэл мөрөөдөл тээн Монгол руу гэрийн үйлчлэгч хийхээр яваад амь эрсэджээ.
Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн нь гэрийн үйлчлэгчтэйгээ ёс бус харилцдаг, гар утас болон нөүтбүүк ашиглаж ар гэртэйгээ холбогдохыг зөвшөөрдөггүй байсан тул тэрбээр нууцаар хааяахан л гэрийнхэнтэйгээ ярьдаг байж.
Хамгийн сүүлд Террил Атиэнза 2011 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр том охин Ниррельтэйгээ утсаар холбогдсон бөгөөд “Ээж нь ирэх ирэх сард нутагтаа буцаж очно. Манай гэрийн эзэгтэй сүүлийн 3 сарын цалинг минь олгосонгүй” гэж хэлээд ор сураггүй болжээ.
Тэрбээр дөрвөн сарын турш Эрэлийн Эрдэнэбатын гэрт боолчлогдсон хэрнээ ар гэрийнхэндээ ердөө 184.37 ам.доллар л шилжүүлээд ийнхүү амь эрсэдсэн байна.
Энэхүү ноцтой хэргийг тухайн үед Эрэлийн Эрдэнэбатын гэр бүлийнхэн хав дарсан тул хэн ч мэдээгүй бөгөөд Филиппинд байгаа эр гэрийнхэн нь эсэргүүцэл илэрхийлж, тус улсын сайтад ганц нэг мэдээ нийтлэгдсэний дараа л Монголын хэвлэлд жижигхэн мэдээ хэрэг гарснаас хойш бүр таван сарын дараа л гарчээ.
Монголын шүүх эмнэлэг Террилд задлан хиймэгцээ үл мэдэгдэх хорт бодист хордон нас барсан гэсэн дүгнэлт гаргаад дотор эрхтнүүдийг нь тонож, цогцсыг нь 2011 оны 12-р сарын 09-ний өдөр Филиппин рүү буцаажээ.
Учир битүүлгээр амь эрсэдсэн иргэнийхээ араас Филиппин Улсын цагдаагийн байгууллага идэвхийлэн ажиллах гэсэн боловч амжилт олсонгүй. Ямартай ч тус улсын шүүх эмнэлэг цогцост нэмэлт задланг хийхэд талийгаачийн биед олон тооны цохилтоос үүдсэн шарх, хөхрөлт, бүр түлэгдэлтийн шарх ч олджээ.
Талийгаачийн ар гэрийнхэн Монголын бизнесмений гэр бүлийнхэн Террилийг минь зэрлэгээр харгислан зодож, зүрхэнд нь хутгалж амь насыг хөнөөсөн байх. Тиймдээ ч зүрхийг нь монголд авч үлдсэн. Мөн хөндий цээж болон амны хөндийд нь цагаан даавуу чихэж илгээсэнд нь гомдолтой байгаа илэрхийлж байжээ.
Энэ хэргийн төлөө Эрдэнэбатын гэр бүлийнхэн ямар ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд ар гэрийнхэнд нь нөхөн олговор өгсөн эсэх нь тодорхойгүйгээр хэрэг хаагдсан юм.
Монголын хууль эрх мэдэлтэй, баян хүнд үйлчилдэггүйн хамгийн аймшигт жишээнүүдийн нэг нь энэ хэрэг мөн билээ.