Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

АВСТРАЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ЮУНЫ УЧИР МОНГОЛЧУУД 7 ЖИЛ ШОРОНД "ЯРГАЛАВ"

The Australian Financial Review сонины “Perspective” буланд 2025 оны 10-р сарын 11–12-ны өдрүүдэд нийтлэгдсэн “Hotel Mongolia – Risky Business” нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

2025-10-21
0 0

Эрэн сурвалжлах сэтгүүлч: Жессика Сиер, Грег Беаруп

The Australian Financial Review |

2025 оны 10-р сарын 11–12

Австралиийн удирдах ажилтнууд холын, тогтворгүй бүс нутагт (Монголд) ажиллахдаа болгоомжлох ёстойг Мо Мүншигийн түүх харуулж байна.

Мо Муншиг 2024 оны ид зунаар 421 дүгээр хорих ангиас суллагддаг өдөр түүнийг хүчтэй салхи, мөстэй мэт бороо угтаж авав. Зуны дунд сар гарсан байхад ийм цаг агаар Улаанбаатарчуудын хувьд ч нэн тааламжгүй байлаа. 2024 оны 6 дугаар сарын тэр өдөр  өөрийн хэдхэн эд зүйлс болох биеийн тамирын өмд, хүрэм, богино өмд, хэдэн богино ханцуйтай цамцаа жижиг гялгар уутанд, харин бичиг баримт, мөнгө шилжүүлгийн баримт, гэрээ, дансны хуулга, цахим шуудангийн хувь болон хуульчийн захидлууд зэрэг ажил хэргийн холбогдолтой бичиг баримт дүүрэн хоёр том ууттай гарч ирлээ. Монголд анх ирэхдээ багагүй хөрөнгөтэй байсан Австрали геологич, бизнесмен хэрхэн Зөвлөлтийн нөлөөнд байсан улсад уул уурхайн бизнес босгохоор ирсэнийг эдгээр олон зуун хуудас баримт өгүүлнэ. Улаанбаатарт байдаг эрх мэдэлтнүүдтэй уулзуулалгүй хориг тавьж, түүнийг баривичлж, Монголын хүнд нөхцөл байдалтай шоронд долоон жил хорьсон нь эдгээр бичиг баримтаас ойлгогдоно. Тэдгээр бичиг баримтууд түүнээс хэдэн арван сая долларын хөрөнгийг нь булаан авсныг мөн 421 дүгээр хорих ангиас яагаад ядуу зүдүү хүн болон гарсныг мөн өгүүлнэ.

Тэр шоронгийн нэг камераас нөгөө рүү алхана.

Шоронгоос суллагдмагц 65 настай түүнийг Гадаадын иргэн, харьяатын газарт авчирч, тус газрын алба хаагчид паспортыг нь үзэхийг хүсчээ. “Миний паспортын хүчинтэй хугацаа нь дууссан байсан тул үзэх шаардлага ч байгаагүй” гэж тэрбээр AFR Weekend-ын сэтгүүлчидтэй Улаанбаатарт уулзахдаа хэлэв. Хүчинтэй паспорт байсан ч угаасаа нэмэргүй байх байсан. Хэдийгээр хорих ялаа эдэлж дууссан ч түүний уул овоо мэт их бичиг баримтын тоо нэгээр нэмэгдсэн нь түүнд хилийн хориг тавьж Монгол улсаас гарахыг  хориглосон тухай мэдэгдэл байв.

Тэр мөчөөс хойш 16 сар өнгөрсөн атал түүнийг одоог хүртэл Монголд гацаасан хэвээр. Австралийн Перт хотоос гэр бүлийнх нь явуулах багахан мөнгөөр нэг унтлагын өрөө бүхий байр түрээслэн амь зууж байна. Хэд хэдэн хавсарсан хүнд өвчтэй түүнд эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа ч Австралийн Засгийн газар түүнд туслах эрх мэдэлгүй, эсвэл туслах хүсэлгүй байгаа бололтой.

Иран улсын шоронд 804 хоног хоригдож байсан Кайли Мур-Гилберт Мо Муншигийн туулж буй зовлон зүдгүүрийг тодорхой хэмжээнд ойлгоно. Түүний үзэж байгаагаар Австралийн Засгийн газар Мо Муншигаас зайгаа барьжээ.

“Хэн нэгэн шоронгоос суллагдмагц Австралийн Засгийн газар ‘Гүйцээ, бид ажлаа хийсэн. Бидэнд хилийн хоригтой холбоотой асуудал хамаагүй’ гэсэн байр суурьтай болж, хойш суудаг.

Тэр үргэлжлүүлэхдээ “Тэд юу ч хийдэггүй. Мо шиг хүмүүс олон жилийн турш хүний нутагт гацаж, эх орон Австралидаа, гэр бүлдээ, үр хүүхэд, ач зээ нартаа эргэж очих боломжгүй байдалд ордог ... энэ бол тодорхой бус хугацааны албадан саатуулалт л гэсэн үг.”

Түүний түүх бол дэлхийн алслагдсан, ихэнхдээ тогтворгүй бүс нутагт бизнес эрхэлж буй Австралийн удирдах ажилтнууд, ажилчдад зориулсан анхааруулга юм. Хэрэв асуудалд орвол хэн ч туслахгүй л гэсэн үг.

Тэрбумтан, уурхайн мэргэжилтэн Жина Райнхарт “Австрали улс улаан, ногоон хууль журмудаа хөнгөвчлөхгүй бол уурхайчид тоног төхөөрөмж, өрмийн машинуудаа өөр газар луу амархан нүүлгэчихнэ” гэж хэлэх дуртай. Өнгөрсөн жил тэрбээр 600 сая долларын өртөгтэй Пилбара дахь МакФий төсөл нь саатахад “Өөр улсуудад төмрийн хүдэр, бусад ашигт малтмал бий шүү дээ. Хөрөнгө оруулалт өөр улс руу чиглэсээр байх болно” хэмээн уцаарлангуй байдлаар анхааруулсан.

Юу хүсч буйгаа сайтар бод. Англи-Австралийн уул уурхайн компани Рио Тинто нь Монголын Засгийн газартай хамтын ажиллагаагаа “баавгайтай бүжиглэхтэй адил” гэж нэгэнтээ мэдэгдсэн. Өнгөрсөн хорь орчим жилийн турш тэд Говийн их цөлд орших Оюу толгой хэмээх зэс, алтны аварга уурхайн асар их баялгийн төлөө шүүхээр болон шүүхээс гадуур маргаантай байсаар ирсэн. Оюу толгой нь Монголын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд Монгол улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг төдийгүй, Австралийн компани гадаад улсад хийсэн хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг юм. Рио Тинто нь Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг бол Монголын Засгийн газар хэдийгээр арай бага буюу 34 хувийг эзэмшдэг ч тоглоомын бүх “хөзрийн тамга” нь Монголын талд байдаг.

Рио Тинто 2022 онд Монголын талын уурхай барихад гаргах ёстой 3.4 тэрбум долларын өрийг цуцалсан нь “талуудын хамтдаа урагшлах боломжийг олгох зорилгоор хамтын харилцаагаа шинээр эхлүүлэх” оролдлого байсан боловч амжилтанд хүрээгүй юм.

Саяхан Монголын Засгийн газар нь Рио Тинто төслийн эхний шатанд Монголын нэгэн улс төрчид олон сая доллар шилжүүлэх замаар авлига өгсөн гэдэг үндэслэлээр Их Британийн шүүхэд гомдол гаргаж, нөхөн төлбөр шаардаж байна. Түүнчлэн хэдэн зуун сая долларын татварын маргаан, хөрөнгө оруулагчдын гаргасан хууль зүйн нэхэмжлэл, улс төрийн тогтворгүй байдлаас үүдсэн олон тэрбум долларын уурхайд ноцтой заналхийлэл болсоор байна.

Энэ нь Лондонгийн ASX хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, хоёр улс дамнасан компанид хар дарсан зүүд мэт байсан ч компанийн удирдлагуудын хэн нь ч шоронд хоригдоогүй. Монголын Засгийн газар болон Австралийн уул уурхайн томоохон компани хоёрын хоорондын маргаан хурцадсан нь Мо Муншиг эх оронд нь буцаах талаар шаргуу шаардлага тавих Австрали улсын хүсэл эрмэлзлэлд нөлөөлсөн гэж үү?

“Австралийн консулын ажилтнууд Австралийн эдийн засгийн ашиг сонирхлоос ангид гэж би хэлэхийг хүсч байна” гэж Муншигийн Австрали өмгөөлөгч Алисон Баттиссон хэлэв. “Гэвч би үүнд итгэлтэй биш байна... Тэд ямарваа нэг хүчин чармайлт гаргахгүй байгаа нь эдийн засгийн илүү ашиг сонирхолтой  холбоотой байх магадлалтай гэж миний санаа ихээр зовниж байна.”

Гадаад хэргийн сайд Пэнни Вон гадаад томилолтуудынхаа хүрээнд Улаанбаатарт очвол ихээхэн тустай байхаар байна гэж Батиссон үзэж байна. Сайд Воны ажлын алба Муншигийн хилийн хоригийг цуцлуулах тухай албан захидал илгээсэн хэдий ч хариу нь ирээгүй байна.

Баттиссоны хэлж байгаагаар Вон ядаж Монгол улсад суугаа Элчин сайдыг дуудан ирүүлж, түүнийг олон нийт дунд зэмлэн буруушааж болно доо. “Монголд хөрөнгөө илт булаалгаж, шоронд байх хугацаанд хүний эрх нь ноцтой зөрчигдсөн Австралийн бизнесмен Монголд байгаа тухай Ерөнхий сайд мэдэгдэл хийх нь үнэхээр хэрэгтэй байна... Би энэ зориг муутай хандлагыг ер ойлгохгүй байна.”

“Хэрэв ойрын хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол тэр тэндээ үхнэ. Ийм л ойлгомжтой зүйл” гэж Баттиссон хэлэв.

Австралийн Ерөнхий Амбан захирагч Сам Мостин “Австралийн компаниудын оролцож, хөрөнгө оруулсан, өсөн нэмэгдэж буй нөөц баялаг, эрчим хүчний салбарын талаар илүү мэдлэг мэдээлэлтэй болохоор саяхан Монголд айлчилсан. AFR Weekend-ийн ойлгосноор   Муншигийн хилийн хоригийн талаар Монголын албаны хүмүүстэй ярилцсан хэдий ч Амбан захирагчийн ажлын алба энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мостин Рио Тинтогийн Оюу толгой уурхайгаар зочилоход компанийн удирдлагууд нь түүнийг угтан авсан бөгөөд Австралиас Монгол улсад суугаа Элчин сайд Лео Зенг ч түүнийг дагалдсан юм.

Мо Мунши нөөц баялгийн салбарт “оролцож, хөрөнгө оруулах” зорилгоор гадагшаа явж, эцэст нь ганцаар хоригдсон. Мунши үр хүүхдүүдтэйгээ хэзээ уулзах, огт уулзаж байгаагүй ач, зээ нарыгаа  хэзээ тэврэн эрхлүүлэхээ мэдэхгүй байдалтайгаар Улаанбаатар хотод ганцаараа амьдарч байна.

“Хотел Монголиа”-д тавтай морил! Энд тооцоогоо хаах боломжтой ч тэндээс гарч явах нь тусдаа асуудал ажээ.

Шоронд өнгөрүүлсэн он жилүүд Муншигийн эрүүл мэндийг ихэд доройтуулав. Тэр нэг дор олон хүнд өвчин эмгэгтэй байгаагийн дотор артерийн судасны бөглөрөл, нуруу, ташаа, хөлний архаг өвчлөл, бөөрний дутагдал, хорт хавдар ч байж болзошгүй түрүү булчирхайн томрол, шээсний замын халдвартай. Эдгээр өвчлөл шоронгийн бохир орчин, шоронгийн хуягуудад удаа дараа зодуулсаны улмаас улам хүндэрсэн. Шоронгийн хоол маш муу буюу ямар ч ногоогүй, ихэнхдээ чанасан дотор мах өгдөг байснаас гадна лалын шашинтай түүнийг гахайн мах идэх эсвэл өлсөхөөс өөр аргагүйд хүргэдэг байсан. Өвлийн улиралд шоронгийн өрөө тэсгим  хүйтэн, харин зун нь бүтэж үхэм халуун байдаг байжээ.

Монголд архаг хүнд өвчнүүддээ тохирсон эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа бөгөөд одоо тэр орон сууцандаа халаагуур, хуучны зурагт, зөөврийн компьютер болон бичиг баримтууд зэрэг эд хогшилтойгоор амьдарч байна. Мунши монгол хэл мэдэхгүй тул гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байдалтай байгаа ба гэр бүл нь түүний сэтгэл санааны байдалд тун их санаа зовниж байна. “Би өглөө босоод, нүүр гараа угааж, өглөөний цайгаа уугаад, ном уншиж, интернетэд орж мэдээ нийтлэл уншиж өнгөрөөдөг,” гэж тэр AFR Weekend-д ярьсан. “Миний гэр бүлийнхэн бүгд ажил төрөлтэй учир би тэдэнтэй боломжтой үед нь аль болох  удаан ярихыг боддог. Өдөр хоног урт бөгөөд уйтгартай өнгөрдөг.”

Тэр хүнсээ цуглуулахаар ойролцоох дэлгүүр орох зорилгоор л гэрээсээ гардаг ба урт хугацаагаар гадуур гарах эсвэл хол явахаас эмээдэг. Учир нь тэр бусдаас ирэх зэмлэл сүрдүүлэг, магадгүй түүнээс дор нөхцөл байдалд өртөх вий гэдэг айдаст байдаг гэжээ.

“Би Австралидаа л эргэж очмоор байна,” гэж тэр хэлэв. “Би хийгээгүй гэмт хэргийн хорих ялыг бүтнээр нь эдэлсэн. Би энд байхаас үнэхээр жигшиж байна. Надад нэн яаралтай, өөрт хэрэгтэй эмчилгээгээ хийлгэх нэн шаардлагатай байна. Зүгээр л гэртээ харихыг хүсч байна.”

Хорих ялаа эдлээд дууссан ч Муншиг явуулахгүй гацаасан хэвээр. Тэр Монголоос хаа нэг тийш явахын тулд Монголын нөлөө бүхий нэг бизнес эрхлэгч буюу хууль эрхзүйн шалтгаанаар бид түүнийг “Могул” гэж нэрлэсэн этгээдэд 31.7 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 13.5 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шаардлагыг Монгол улсын Засгийн Газар тавьсан.

Муншигийн өмгөөлөгч Баттиссон хүний эрхийн чиглэлээр мэргэшихээсээ өмнө гадаад улсад уул уурхайн салбарт ажиллаж, “асар том уул уурхайн төслүүдийн хяналт шалгалтыг” гүйцэтгэдэг байсан. Тэр Муншигийн бичиг баримтуудыг судалж үзсэний хувьд түүнийг шоронд хоригдож байх хугацаанд одоогоор хэдэн тэрбумын үнэлгээтэй болсон уул уурхайн хөрөнгүүдийг нь булаасан нь илт байна гэж үздэг. Тэр хэлэхдээ: “Тэдгээр өндөр чанарын нүүрс, ураны тусгай зөвшөөрлүүдийг одоо Хятадуудад зарсан” гэжээ.

Мунши Пакистанд төрж, Англид өсч, боловсрол эзэмшин, 1987 онд Баруун Австралийн Леинстер алтны уурхайд ажиллахаар Австрали руу шилжин суурьшжээ. Тэндээсээ ажил мэргэжлийн сууриа бэхжүүлж, Баррик Майнинг, Грэйт Сентрал Майнз, Ашанти Голдфийлдс, JCI буюу Жоханнесбург Консолидэйтэд Инвестментс зэрэг компаниудад шат дараалан дэвшиж ажиллажээ.

AFR Weekend Муншигийн бизнесийн олон хамтрагч, хөрөнгө оруулагчидтай холбогдож ярилцсан. Тэд Муншиг уул уурхайн сайн төслийг мэдрэх зөнтэй, гайхалтай ярих чадвартай нэгэн гэж тодорхойлдог. Тэр уул уурхайн салбарт хүчин зүтгэж байгаа хэний ч хувьд нэн чухал чадвар болох хөрөнгө босгохдоо гайхалтай сайн чадварлаг нэгэн байжээ.

“Тэр эрсдлийг үүрэхэд үргэлж бэлэн байдаг” гэж АНУ-д байрлах нэгэн хөрөнгө оруулагч хэлэээд “Муншид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн хүмүүсийн нөөц дэлхийн өнцөг булан бүрт байдаг бөгөөд компаниудыг хүрэмнийхээ халаас шиг л мөнгө эргэлдүүлдэг байсан. Гэхдээ тэр юу хийж байгаагаа сайтар мэддэг байсан.”

Дараа нь 2000-аад оны эхээр Муншигийн анхаарал Монгол руу чиглэсэн. Нэгэн цагт Чингис хааны захирч байсан энэхүү эртний газар нутаг социализмаас ангижирч, Мо Мунши шиг боломж эрэлхийлэгчдэд боломж нь хүйтэн тал шиг өргөн мэт санагджээ.

2000 онд Канадын тэрбумтан Роберт Фридланд Говийн их цөлд нуусан баялгийг илрүүлж, Оюу толгойн орд газар асар их хэмжээний зэс, алтны нөөцтэй байсан. Ухаалаг яриатай, геологчоос санхүүгийн мэргэжилтэй болсон Мунши Фридландын Айвенхоу Майнз компанийн хөрөнгө босгох үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэгч болсон. 2001–2006 оны хооронд тэр Фридландын хувийн онгоцоор цагийн бүсийг хөндлөн гулд нисч, Оюу толгой төслийг гадны улсуудын баялгийн сан, тэтгэврийн сан болон хөрөнгө оруулагч банкуудад танилцуулах ажилд ханцуй шамлан оролцсон.

Рио Тинто Оюу Толгой төслийн урт хугацааны түнш болох үед Айвенхоу Майнз 500 гаруй сая ам.долларын хөрөнгө босгосон байсан нь Муншигийн алт, зэсний гол мөрөн мэт нөөцийн талаарх түүхийг гайхалтай сайн ярих чадвартай салшгүй холбоотой.

Эдгээр он жилүүд Муншигийн Монголыг цоо шинэ  орон зай гэж үзэх итгэлийг улам бататгажээ. Фридланд болон Рио Тинто Оюу толгойн асуудлаар Монголын төртэй удаан бөгөөд маргаантай түншлэл байгуулсаны дараа Мунши өөрийн сонирхлоо хэрэгжүүлэхээр шийджээ. 2006 он гэхэд тэр коксжих нүүрсний хоёр том талбайтай болж, эхний судалгаагаар тус уурхайнуудаас 300 сая гаруй тонн нүүрс олборлох боломжтой дүгнэлт гарсан бөгөөд Хятадын гангийн үйлдвэрүүд холгүй байгаа нь улам давуу байдлыг бий болгожээ.

Мунши Гоби коул энд энержи компанийг байгуулж, богино хугацаанд HSBC-ийн Сэр Жон Бонд, Ротшильд гэр бүлийн үр хойч болох Фред Дюрр, АНУ-ын хедж сангууд зэрэг том хөрөнгө оруулагчдыг татаж чадсан юм. 2010 он гэхэд компани Хонконг эсвэл Торонтогийн бирж дээр 500 сая ам.долларын IPO хийхээр бэлтгэж байв. Хятадын үйлдвэрлэлийн өсөлт, бараа бүтээгдэхүүний гайхалтай циклийн ачаар нүүрсний үнэ огцом нэмэгдсэн үе байв.

Гэвч Муншид Монголын баавгайтай “бүжиг” хийх цаг иржээ. Тэр Монголын өндөр албан тушаалтнуудтай уулзахаар томоохон байгууламжид хоолонд уригдав. Мах шарагдаж байх зуур нэгэн өндөр албан тушаалтан Муншид ойртон Гоби коул энд энержи компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл дунд “гадаад”-ууд хэт их байна гэж анхааруулав. Монголд үйл ажиллагааг явуулж байгаа учир компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд Монголчууд байх ёстой гэж хэлжээ.

Замаа засахын тулд тэр Муншиг үүнд тусалж чадах найзтайгаа танилцуулахаар санал тавьжээ. Тэр найз нь Монголын нэг корпорацийн тэргүүн буюу “Могул” байсан бөгөөд бид хоёрыг Улаанбаатарт байрлах Чингис хаан зочид буудалд уулзахыг санал болгосон байна.

Чингис хаан зочид буудалд оройн хоол идэх үед “Могул” түүний компанид хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнээс хойш хэдэн долоо хоногийн турш Муншигийн утас тасралтгүй дуугарч, “Могул” гэрээгээ эцэслэн байгуулахаар шахсаар байлаа. Түүний ах ч ойртон эргэлдэж, Хонг Конг, Сингапурт урьж, олон цаг үргэлжлэх арга хэмжээнүүдэд авч явж, Сингапурын Брикс хэмээх цуутай биеэ үнэлэгчийн бааранд хүртэл дагуулж оржээ. Муншигийн санаж байгаагаар тухайн баарны ажилтнууд ахыг нь нэрээр нь дуудаж байсан.

“Тэр яг л шимэгч хорхой шиг байсан” гэж Мунши хэлэв. “Тэр намайг ер тайван байлгахгүй, нүүрсний төсөлд маань орохыг хүссэн.”

2010 оны сүүлээр Муншид илүү дээр боломж байгаа мэт санагдав. Голдман Сакс-д ажилладаг байсан ажилтнуудын байгуулсан Хонконг дахь Маунт Келлет сантай компанийн хувьцааны нэг бүрийн үнийг $3.50-д тохиролцоход ойр байлаа. Гэвч Мунши ТЭЗҮ-ийн шинэ үр дүнд үндэслэн хувьцааны нэг бүрийн үнийг $4.0 болгон нэмэхэд Америкууд хэлэлцээнээс гарч, Монгол ах, дүү орж ирэв.

Сингапурт ууж суух зуураа тэд гэрээгээ эцэслэж, 2010 оны сүүлээс 2011 оны дунд хүртэл “Могул” 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурав хуваан шилжүүлж, тэр бүх мөнгө Гоби-гийн оффшор компанийн Хонконг дахь банкны данс руу шилжсэн. AFR Weekend-ийн үзэж танилцсан шилжүүлгийн баримт болон гэрээнээс харахад тус мөнгөн шилжүүлэг Монголоор огт шүргээгүй  хийгдсэн байв.

Мунши хөрөнгө оруулагчийнхаа санаа тавихгүй байгаад гайхжээ. Нарийвчилсан хяналт шалгалт огт хийгээгүйгээс гадна уурхайн талбарт ч очсонгүй. Гэвч Засгийн газрын өндөр албан тушаалтнууд “Могул”-ыг баталгаатай нэгэн гэж дэмжиж байсан тул Гоби-гийн удирдах зөвлөл Рио Тинто-гийн Оюу Толгойтой үүссэнтэй ижил маргаан гарсан тохиолдолд компаниа хүчирхэг Монгол хүний нэрийн ачаар хамгаалах боломжтой гэж үзлээ. Дансанд 20 сая ам.доллар орсон тул Мунши болон түүний баг ажилдаа орцгоолоо.

2011 оны 7 дугаар сард Тайландын Ко Самуйд гэр бүлтэйгээ амарч байхад Муншигийн утсанд дуудлага ирэв. Дуудлага тухайн үед Нью-Йоркод ажиллаж байсан Монголын төрийн өндөр албан тушаалтаны хүүгээс ирсэн ба тэрбээр намайг Жоу Лоу гэдэг Малайзын санхүүжүүлэгчтэй танилцуулахыг хүсч байгаагаа хэлэв.

Тэр удахгүй Малайзын 1MDB дуулианыг төлөвлөгч гэдгээр алдарших боловч хэдийнээ олонд танигдаж эхэлсэн од байв. Харроу энд Вартонд суралцсан, Леонардо Ди Каприо, Парис Хилтон зэрэг одуудтай Холливудын үдэшлэгт байнга оролцдог болсон байв. Лоу өөрийгөө улсын баялгийн санд нэвтрэх ид шидийн дохиуртай гэж танилцуулсан. Муншигийн хэлснээр Монголын нүүрс тэдний сэтгэлийг ихэд татсан байсан.

Тун удалгүй Лоу өөрийн үеэлийн хамтаар Муншиг Малайзын 1MDB сан болон Абу Дабигийн Аабар Инвестментстэй хамтарсан төсөлд оролцохыг ятгав.

Янз бүрийн төсөл хэрэгтэй байсан тэдэнд Гоби Коул яг тохирч байв. Мунши Гоби Коулын дата мэдээллийг тэдэнд ил болгосон ч Лоугийн хяналт шалгалт хийх багийнхан хэдхэн хоног л хяналт шалгалтаа хийж дуусгав. Муншигийн хэлснээр ямар ч төвөгтэй асуулт тавьсангүй, загвар харуулах ч хэрэг болсонгүй. Яг л тохиролцоог хэдийнээ хийсэн мэт л байв.

Тэрбээр 30 сая ам.доллар санал болгосон ч Лоу хувьцаа нэг бүрийг 6.50 ам.доллараар үнэлж нийт 91 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж Гоби Коул 650 сая ам.долларын үнэлгээтэй боллоо. IPO хийхийн өмнөх байдалтай Монголын нүүрсний компанийн хувьд энэ бол онцгой зүйл байв.

“Би яг л үхээд диваажинд очсон мэт санагдсан,” гэж Мунши хэлэв. Манай ТУЗ маш урам зориг авсан. Нээрээ яагаад ч үгүй гэж? Тухайн үед хоёрын хоёр баялагийн сан манай хаалгыг тогшиж, маш бүр маш сайн үнийн санал өгч байсан шүү дээ. Гэвч тэд хоёул одоо хор мэт аюултай. Тухайн үед бидний хийсэн тохиролцоо тэдгээр нүүрсний болон ураны баялагийн үнэ цэнийг төвөггүйхэн илтгэнэ.”

Гэвч нэг асуудал байсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулалтын 14 сая ам.долларыг “зуучлалын хөлс”-нд авахаас 9 саяыг нь Малайзын тал, 5 саяыг нь Абу Дабигийн Аабар авсан. AFR Weekend гэрээтэй өөрийн биеэр танилцсан бөгөөд банкны шилжүүлгийг хувьцаагаар бус мөнгөн шилжүүлгээр хийхдээ Британий Виржинийн арлуудын Блакстоун Эйжиа Эстэйт Партнерс (Blackstone Asia Real Estate Partners) болон Глобалинк Прайвэт Авиэйшн (Globalink Private Aviation) хэмээх хоёр компани руу дамжуулан хийгдсэн байна.

“Яагаад заавал бэлэн мөнгөөр гэж?’ гэж намайг асуухад Мунши: “Тэд хувьцаа авахыг хүсээгүй. Тэр нь бидэнд анхааруулга болох ёстой байсан” гэв.

Хэдэн жилийн дараа уг 14 сая ам.долларыг, ТЭЗҮ-ийн 11.5 сая ам.доллартай нийлүүлэн Муншигийн эсрэг 40 сая ам.долларын залилангийн хэрэг үүсгэсэн.

Аабар-1MDB хэлэлцээртэй холбоотой хахуулийг нуун далдалж, бурууг түүнд тохох зорилгоор энэ бүхнийг байгуулсан гэдэгт Мунши итгэлтэй байгаа. “Тэд бүхнийг нөгөө тал руу эргүүлж, намайг залилан мэхлэгч гэж буруутгасан” гэж тэр хэлэв.

Уг том амжилтын дараа Гоби Коулын төсөл гацаанд орлоо. Дэлхийн санхүүгийн хямралын дараа нүүрсний үнэ унаж, Гоби Коулын IPO тодорхой бус хугацаагаар хойш тавигдахаас өөр аргагүй болов.

Нью-Йорк, Лондон дахь хөрөнгө оруулагчид мөнгөө алдсан ч аргагүй байдал тул ямар нэг арга хэмжээ авсангүй. “Энэ байнга шахуу тохиолдддог л зүйл. Заримдаа хаагдаж байдаг учраас л үүнийг IPO цонх гэж нэрлэдэг” гэж АНУ дахь нэгэн сангийн менежер хэлэв. Олон улсын зах зээл ийм маягаар ажилладаг ч, Монголд харин өөр. “Могул” мөнгөө буцаан авахыг хүсэв.

Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдыг айдаст автуулсан. 2012 онд Монголын парламент “стратегийн” төслүүдийн 51 хувийг дотоодын эзэмшилд байлгах тухай хуулийг баталсаны дараа гадаадын олон компани хамаг юмаа аваад явцгаасан бол Рио Тинто Оюу Толгой төслийг эхлүүлэхийн тулд хамаг хүчээ дайчлан тэмцсэн. Гоби Коулын хувьд  45 сая доллар зарсны дараа үйл ажиллагаагаа түр зогсоосон.

Мунши “Могул”-ын гэр бүлтэй холбогдож, “Могул”-ын ахад 10 сая ам. доллар зээлдүүлжээ. Нүүрсний үнэ унаж, төсөл богино хугацаанд мөнгөгүй болж, тус зээл хэзээ ч буцаан төлөгдөөгүй. Мунши зээлтэй холбоотой маргааныг Хонг Конгийн арбитрын шүүхэд гомдол гаргаж, ялалт байгууллаа. Зээлийг эргэн төлүүлэх шийдвэрийг Монголд гаргасан хэдий ч мөнгө эргэн төлөгдөөгүй юм.

Эсрэгээрээ Мунши болон “Могул”-ын харилцаа муудав. Муншид цахим шуудангаар сүрдүүлсэн захиа ирж эхэллээ. AFR Weekend-ийн харсан эдгээр цахим шууданд Муншиг Монголын ард түмнийг хуурсан, баялагийн нөөцийн тооцоо нь “хуурамч” гэж буруутгажээ. Цахим шууудангийн бичвэр улам ширүүсч, заналхийлэл нь Муншигийн Бээжин хотод амьдардаг хамтран амьдрагч болон гэр бүлийг нь чиглэсэн байв.

Мунши сандарч эхлэв. “Ялангуяа миний хамтран амьдрагчийг оролцуулж эхлэхэд би үнэхээр цочирдсон” гэж тэр дурсав. Гэсэн ч тэр Монгол руу нисэх тийз захиаллаа. “Надад хувьцаа эзэмших гэрээнүүд, бүх бичиг баримт бичгээр байсан. Бид юу ч хуурамчаар үйлдээгүй тул ... би түүнтэй учраа олж чадна гэж бодсон.” Гэтэл түүнийг нисэх буудалд газардмагц “Могул”-ын алдсан гэх олон саяын талаар байцаалт авч эхлэв.

Мунши 2015 оны 3 дугаар сард Улаанбаатарын нисэх буудлын гаалиар нэвтрэх үед  энгийн хувцастай хоёр цагдаа түүнийг саатуулав. Түүнийг араас нь түлхэн цагдаагийн хэлтэст авчирч, Австрали болон Их Британийн паспортуудыг нь хураан авлаа. Таван цагийн турш түүнийг “Могул”-тай байгуулсан тохиролцоотой холбоотой асуудлаар байцаасан байна.

“Могул”-ын компани Гобигийн хувьцааг худалдаж авсан, 20 сая ам.доллар нь зээл биш, хөрөнгө оруулалт байсан гэж Мунши баттай хэлсээр байв. Олон улсын санхүүгийн үндсэн зарчмыг Монголын цагдаа нар ойлгохыг огт хүссэнгүй бололтой. Түүнд паспортуудыг нь эргүүлж өгөлгүйгээр Улаанбаатар хотод сулласан ч хилийн хориг тавьсан байв. Тус хилийн хориг өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй хэвээр.

Урд зүгт 5000 км алсад өрнөсөн үйл явдал Муншигийн асуудлыг улам нэмсээр. 2016 онд Жоу Лоугийн залилан, луйварын үйлдлүүдийг нуун хаацайлж байсан утаа манан арилж, толь хагарч, хана нурав. Малайзын санхүүчийг АНУ-ын Хууль зүйн яам түүхэн дэх томоохон авлигач клептократ санхүүгийн схемийг зохион байгуулсан хэмээн буруутгасан.

Лоу Малайзаас зугтаж, Леонардо ДиКаприо түүнээс авсан бэлгүүдээ чимээгүйхэн буцаан өгсөний дунд Марлон Брандогийн Оскар байв. Лоугийн нэр дэлхийн хэвлэл мэдэллийн онцлох мэдээнд компанийн авлигын бэлэг тэмдэг хэмээн алдаршив.

Энэ нь Муншигийн хувьд гамшиг мэт байв. “Могул”-тай үүсгэсэн худалдааны маргаан удалгүй тэр чигтээ өөрчлөгдөв. Улаанбаатарт ажилладаг прокурорууд энэ ил болсон мэдээлэлд анхаарал хандуулан ашигласан юм. Саяхан томоохон амжилт мэт тооцогдож байсан Гоби Коулд хувиараа оруулсан 91 сая ам.долларын хөрөнгө оруулалт одоо сөрөг асуудал дагуулсан зүйл болон хувирав. Түүнээс гадна тэр үед Монголд цагаан захтнуудын гэмт хэргүүдийн эсрэг хууль тогтоомжууд батлагдаж эхэллээ. Ингээд энгийн арилжааны  маргаан эрүүгийн хэрэг болон хувирлаа. Мөрдөн байцаагчид бүгдийг буюу 1MDB-ийн дуулиан, 14 сая ам.долларын “зуучлалын хөлс”, 11.5 сая ам.долларын ТЭЗҮ-ийн зардал, хийгдэж амжаагүй  IPO зэргийг бүгдийг нэгтгэлээ. Тэд Муншиг азгүйтэл болон нүүрсний үнийн уналтаас хохирол амссан гадаад геологч гэж харалгүй, харин хуурамч мэдээлэл, оффшор компаниуд ашиглан Монголын хөрөнгө оруулагчдаас олон сая доллар залилсан гэмт хэрэгтэн гэж харж байв. 2012 онд батлагдсан хуулиуд мөрдөн байцаагчдад ийм боломж олголоо. Түүнийг гэрээ эсвэл компанийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн заалтаар бус харин хулгай, залилангтай холбоотой заалтаар буруутгаснаар арилжааны эрсдлийг эрүүгийн залилан болгох нөхцөл бүрдсэн.

Харин түүний өмгөөлөгч Баттисон онцолж хэлэхдээ: “Түүнийг буруутгасан гэмт хэрэг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх үед огт хуульд заагаагүй” гэв. “Тухайн үед энэ нь гэмт хэрэгт тооцогддоггүй байсан” гэжээ.

Муншигийн хэрэг шүүхэд очих үед 1MDB-ийн дуулиан ид өрнөж байсан бөгөөд шүүхийн гаргах шийдвэр хэдийнээ тохирсон мэт байв. 2017 онд анхан шатны шүүх түүнийг залилан, хулгайн гэмт хэрэгт буруутган 11 жилийн хорих ял оноосон бол 2018 онд тэрбээр Монгол улсын Дээд шүүхэд давж заалдсан ч шүүх өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч хорих ялыг 7 жил болгон бууруулжээ.

Шүүх шийдвэртээ нэг нөхцөл нэмсэн нь түүнийг 31.7 тэрбум төгрөг буюу өнөөдрийн ханшаар 13.5 сая орчим ам.долларыг “Могул”-д нөхөн төлөх нөхцөл байсан. Ийм дүнг нөхөн төлөх ямар ч боломж байгаагүй. Хэдийгээр Мунши ялаа бүрэн эдлэж дууссан ч Монголоос явах эрх түүнд байхгүй.

“Сүүлийн арван жилийн хугацаанд миний амьдралд байгаагүй олон хэцүү өдөр хоногтой би нүүр тулсан боловч тэр л өдөр хамгийн аймшигтай өдөр байсан” гэж Мунши хэлэв.

2018 оны Дээд шүүхийн гаргасан шийдвэрийн дараа Муншиг гавлаж, Улаанбаатарын захад байрлах Зөвлөлтийн үед баригдсан зартай шорон болох хорих 409 дүгээр ангийн төмөр хаалгаар туун оруулсан юм.

Шоронгийн  камерын  хана эвдэрч нурсан, ямар ч халаалтгүй тул тэсгим хүйтэн байв. Өвлийн улиралд хоригдлууд -30 хэмийн хүйтэнд хөнжил дор бөөгнөрч амь хоргодно. Хоригдлуудын амьсгалын уур өрөөний хананд мөс болон хувирна. Муншигийн эрүүл мэнд дордов. Шоронгийн харгалзагчдын байнгын зодуур түүний нуруу, хавирга орчимд сорви үлдээжээ. Эмнэлгийн тусламж хүссэн ч үл тоомсорлосоор байлаа. “Тэнд ямар ч нэр төр гэдэг зүйл байхгүй, учир нь тэнд чамтай ялын хугацаа эдэлж буй хоригдол шиг биш, харин хүнээс дор зүйл мэтээр ханддаг байсан” гэж Мунши дурсав.

Мунши шоронд тарчилж байх зуур “Могул”-ын хамсаатнууд ажилдаа оржээ. Дараагийн хэдэн жилд нь Гоби Коул энд Энержи компани шинэ удирдлагуудтай болж, компанийн нэр нь өөрчлөгдөж, нүүрс болон ураны тусгай зөвшөөрлүүдээ өөр компани руу шилжүүлсэн.

Тэр үед Халтмаагийн Баттулга Монголын Ерөнхийлөгч болсон бөгөөд түүний нөлөөгөөр Монгол улсын ашигт малтмалын баялгаа хамгаалах үзэл улам бүр нэмэгдэж эхэлсэн. Маргаантай уул уурхайтай холбоотой хөрөнгийг шүүх асуудал ихэвчлэн Баттулгын фракцтай он удаан жилийн турш холбоотой дотоод элитүүдэд төвлөрүүлэхэд дэмжлэгтэй  байв.

AFR Weekend-ийн олж танилцсан шүүхийн баримт бичиг, компанийн бүртгэл болон төрийн зарим байгууллагын захиа, харилцаа хэрхэн баримтын мөрийг өөрчилснийг харуулна. Хувьцаа эзэмших гэрээг цуцалж, ”Могул”-д өгсөн зээлийг өөр зүйл болгон өөрчилж, шинэ холдинг компаниуд байгуулжээ. IPO хийхээс өмнө 650 сая ам.доллараар үнэлэгдэж байсан Гоби Коулын бүх хөрөнгийг гурван жилийн дотор юу ч үгүй болгожээ.

Компанийнх нь хөрөнгийг хэрхэн үгүй хийж байгааг Мунши шоронгийн камераас  ажиглахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Компанийн хөрөнгийг шилжүүлэхгүй байх  өмгөөлөгчдийн эсэргүүцэл тусыг эс олов. Үүнтэй зэрэгцэн түүний бизнесийн өөр нэг хэсэг “Могул”-ын холбоотнуудын гарт оров.

ASX хөрөнгийн биржэд бүртгэлтэй Парамаунт Майнинг (PCP) компани нь Муншигийн Австрали дахь гол үйл ажиллагаа байсан бөгөөд Индонезийн Ява арал дээр алтны ирээдүйтэй ордыг эзэмшдэг байв. 2016 онд Муншигийн хууль эрх зүйн асуудал улам гүнзгийрэх үед Парамаунтын хувьцаа эзэмшигчид энэ төслийг шинэ Сингапурын компанид нэг хувьцааг нэг хувьцаагаар солилцох тохиролцоогоор шилжүүлэх төлөвлөгөөг баталцгаав. Энэхүү хэлцэл нь Ази болон Ойрхи Дорнодын хөрөнгө оруулагчдыг татах арга байсан боловч бодит байдал дээр Австралийн компанийг үгүйрүүлж, хясааны хамгаалалт  мэт хоосон үлдээжээ.

Сингапурын шинэ компани байгуулагдмагц компанийн хяналт хурдан шилжив. 2018 онд Муншиг шоронд хоригдож байх үед “Могул”-ын Дубайд амьдардаг холбоотон шинэ ТУЗ-ийг тэргүүлэх болж, олон тэрбумын шинэ хувьцаа гаргаснаар компанийн хувьцааны тоог 800 саяас 20 тэрбум болтол нэмэгдүүлжээ. Ингэснээр өмнөх хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн үнэ цэнийг үгүй хийлээ. (Энэ хүн өмнө нь Гоби Коул энд Энержи нэртэй байсан Муншигийн хуучин компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв).

Нэг жилийн дотор Парамаунт Австралид дампуурч, 300,000 ам.долларын зээлийг эргүүлэн авахтай холбоотой урт шүүхийн маргаан эхэллээ. Компанийн гүйцэтгэх бус захирлууд чимээгүйгээр тохиролцож, тэр хооронд Сингапур компанийн шинэ удирдлагууд алтны төслийг нэн даруй авав. Шүүхийн маргаан дуусах үед төслүүд зарагдаж, компани дампуурч, компанийн бүх баримт бичиг оффшор компани руу замхран алга болов.

Энэ оны эхээр Муншигийн өмгөөлөгч Баттисон НҮБ-д хэд хэдэн гомдол гаргасан.

“Монголын шүүх болон Засгийн газрын ноён Муншид хандаж буй хандлага Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдад сэрэмжлүүлэг болох ёстой” гэж тэр гомдолд дурджээ.

“Түүнчлэн Австрали болон Их Британийн Засгийн газрууд ноён Муншигийн шүүх хурал, хоригдож байх хугацаанд болон одоогийн хилийн хоригийн үед хангалттай дэмжлэг үзүүлээгүй нь мөн анхааруулга болох ёстой.”

WikiLeaks-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британиас эрх чөлөө эрэлхийлж, түүнийг АНУ руу шилжүүлэн явулахаас зайлсхийж байх үед олон тооны дэмжигч, улстөрчид түүний төлөө тэмцэж байсан. Барнаби Жойс хүртэл түүнийг суллахыг уриалж байв. АНУ дахь Австралийн элчин сайд Кевин Радд түүнийг суллуулахын тулд “бүтээлч ухаан” шаардсан гэж бахархалтай хэлж байв.

Мо Муншигийн талд Кевин Радд ч, бүр Барнаби Жойс ч байхгүй. Түүнийг Улаанбаатараас авч явах хувийн онгоц ч байхгүй. Австралийн Гадаад хэргийн яам Муншигийн асуудлаар хөөцөлдөж байгаа байгаа боловч өөр улсын хууль эрх зүйн асуудалд оролцох боломжгүй гэжээ.

Тийм л учраас тэр одоог хүртэл умгар гэртээ хайрцаг дүүрэн цаас, баримттайгаа, өөрийн гэр бүлийнхнийхээ илгээдэг мөнгөнөөс хамааралтайгаар, мөн үнэ хөлсгүйгээр ажилладаг өмгөөлөгчдөө найдан, хүлээж сууна.

Кайли Мур-Гилберт хэлэхдээ, Мунши нь Австралийн олон нийтийн хувьд “зөв төрлийн хохирогч” биш байгаа нь түүнийг тодорхой хэмжээнд мухардалд оруулсан. Түүний туулсан зовлон зүдгүүр олон нийтийн өрөвч сэтгэлийг ч, хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж чадаагүй.

“Тэр хөгшин, дээрээс нь тэр Австрали төрхгүй, Австрали маягийн нэргүй учир хүмүүс түүнийг анхааран сонирхох нь багасдаг. Харамсалтай нь нэг талаасаа олон нийтийн эсэргүүцэл болон хэвлэл мэдээллийн анхаарал, нөгөө талаасаа Засгийн газрын оролцооны түвшин хоорондоо холбоотой байдаг гэж бодож байна.”

Мунши AFR Weekend-д хэлэхдээ, түүнд “Могул”-д өгөх ёстой мөнгө байхгүй хэдий ч, хэрэв байсан ч түүнд төлөхгүй гэнэ. “Би хэзээ ч ямар нэг буруу зүйл хийгээгүй” гэж тэр хэлэв. “Их Британичууд болон Австраличууд надад туслахыг хүсэхгүй байгаа, учир нь тэд Rio Tinto-д сөргөөр нөлөөлхийг хүсэхгүй.”Тэр нийтлэл гадаад хэргийн сайд Вон болон түүнтэй ойр ажилладаг ажилгүй этгээдүүдэд анхааруулга шахалт үзүүлнэ гэж найдаж байгаа гэв. “Учир нь шахалтанд оруулахгүй л бол тэд [монголчууд] юу ч хийхгүй” гэж тэр хэлэв. “Тэд миний бүх хөрөнгийг дээрэмдсэн учрааас тэдэнд намайг суллах ямар ч шалтгаан байхгүй.”

Тэр нэмж хэлэхдээ: “Би 65 настай, эрүүл мэндийн хувьд олон төрлийн өвчтэй учраас тэд намайг онгоцонд алхуулж оруулан явуулснаас намайг хайрцагт хийж явуулахыг илүүд үзэж байна.”

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In