Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн санаачилгаар “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын VI чуулга уулзалт” буюу MSYOC 2025 арга хэмжээ энэ сарын 4–6-ны өдрүүдэд Турк улсын Истанбул хотод амжилттай боллоо.
Тус чуулга уулзалтад дэлхийн дөрвөн тивийн 24 орноос 250 гаруй Монгол оюутан, залуус оролцож “Дэлхийд хүрэх Монгол оюун” уриан дор дэлхийд өрсөлдөх чадвартай монгол залуусыг хэрхэн төлөвшүүлэх талаар илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо хуваалцав.
Чуулганы онцлох хэсэгт Монгол Улсад шинэлэг санааг бодит ажил болгох зорилготой #NextGen төслийн уралдаан багтсан бөгөөд нийт арван есөн төслөөс есөн төсөл дараагийн шатанд шалгарч, оролцогчид төслөө танилцуулан өрсөлдсөн нь арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлэв.
Чуулганы гурав дахь өдөр оролцогчид Истанбул хотын аялалд хамрагдаж, Туркийн түүх соёлын өвөрмөц онцлогтой танилцсан нь залуусын харилцаа холбоо болон урам зоригийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэв. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн хамт олон, түүний Нийгмийн бодлогын хорооны дарга Б. Мөнхмаа, Оюутан залуучуудын хорооны дарга О. Сүрэнжав, ХЧМЗ-ийн Монгол дахь Ажлын алба болон холбогдох хороодын гишүүд идэвхтэй ажилласанд талархал илэрхийлье. Мөн Турк Монголын Сан болон ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэг чуулга уулзалтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болов. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас 2019 оны Унгар улсад болсон уулзалтаас хойш хойшлогдоод байсан энэхүү чуулга уулзалт зургаан жилийн дараа ийнхүү амжилттай зохион байгуулагдсан нь монгол залуусын эв нэгдэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл боллоо.

Хилийн чанад дахь монгол оюутан, залуучуудын нэгдэл улам бэхжиж, тэдний мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжилд зориулах хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байна. Монголын ирээдүй өөдрөг байгааг энэхүү арга хэмжээ тод харууллаа.
