Уг бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэний маргааш нь ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалтын хэлтсээс Л.Мөнхжаргал болон түүнд хувь хүний нууц мэдээллүүдийг гарган өгөхөд гар бие оролцсон цагдаагийн алба хаагчдыг шалгах ажлыг эхлүүлсэн боловч бүтэн сар өнгөрч байхад ямар ч ажиллагаа явуулахгүй таг болсон байна.
Л.Мөнхжаргал нь 2021 оны 12 дугаар сард сэтгүүлчтэй уулзая хэмээн дуудангуутаа
“Би чамайг болон чиний эх сурвалж хоёрыг ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхнаар судлуулсан. Наад хэрэг чинь хэрэг болохгүй гэж цагдаа нар надад хэлсэн. Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэхийн найзууд маань наад хоёртоо күүкэл өгчих. Тэгээд та нараас салангуут нь бид нар дайчлан баривчлаад чангалаад өгье гэж надад хэлсэн” хэмээн хэлж сүрдүүлдэг.
Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын зөвлөх Л.Мөнхжаргал өөрийн хэлж ярьж буй зүйлээ нотлон харуулах үүднээс төрд хадгалагдаж байгаа хувь хүний нууцтай холбоотой маш олон нууц мэдээллийг цагдаагийн байгууллагад шургуулсан өөрсдийн гар хөлөөрөө дамжуулан авсан тухайгаа сайрхан ярьж сүрдүүлдэг.
Тухайлбал, хувь хүний ял шийтгэлтэй эсэх лавлагаа, гэрийн хаяг, нийгмийн даатгал төлөлт, ажил эрхлэлтийн байдал, ах дүү, хамаатан садны талаарх нууц мэдээллүүдийг нь цагдаагийн ажилтнууд руу зүгээр утсаар ярингуутаа гаргуулж авсан байгаа нь олон нийтийг түгшээх асуудал мөн билээ.
Төрийн албан тушаалтан нь ажил хэргийн шугамаар олж авсан мэдээллээ бусдад задруулах нь эрүүгийн хуулийн ноцтой зөрчил юм. Гэтэл УИХ-ын гишүүний зөвлөхийн албан тушаалтай нэг эдгээд ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчидтай уулзаж, бусдыг хэрхэн хэрэгт унагаах, ялтан буруутан болгох зөвлөгөөг хэн гэдэг цагдаагийн алба хаагчаас авч, хуулийг ноцтойгоор зөрчсөнийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтынхан шалгаж тогтооно гэж найдаж байна.