Тэрбээр “2021 он тавдугаар сарын 27-нд Монголд байгаа хамаатнуудтай видео калл хийх үеэрээ “Манай захирал цалинг маань өгөхгүй байна. Цалингаа нэхсэн чинь уурлаж, над руу дайрч давшлаад сүүлдээ бид хоёр нэг нэгэн рүүгээ турба барьж дайраад, цохих шахлаа” хэмээн хэлж байжээ.
Хамгийн сүүлд тэрбээр 2021 оны зургадугаар сарын 08-ны өдөр ар гэрийнхэнтэйгээ холбогдсон бөгөөд “Эхнэртэйгээ утсаар яримаар байна. Утсаа авахгүй байна” гэж хэлээд ор сураггүй алга болжээ.
Өдөр бүр утсаар ярьдаг хүн нь сураггүй алга болсонд санаа зовсон ар гэрийнхэн нь БНСУ-ын Имсон дүүрэгт байрлах “Монгол Шигдан”-д ажилладаг хүнтэй холбогдож, энэ хүн сураггүй алга болчихлоо хэмээх зарыг тавьж хайлгасны дүнд 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр өөрийнх амьдардаг байсан гэрээс талийгаачийн цогцсыг цагдаа нар олжээ.
Задлан шинжилгээ хийгээд гадны нөлөөгүй нас барсан гэж дүгнэсэн бөгөөд биед нь их хэмжээний ялзрал явагдсан тул бусад эрхтэнийг шинжлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.
БНСУ-аас бидэнтэй холбогдсон хохирогч Б бидэнд хэлэхдээ “Миний дүүгийн амь насыг Солонгос захирал нь хөнөөсөн гэж бодож байгаа. Учир нь талийгаач дүүгийн маань эгэмний яс нь хугарсан байхад уг гэмтлийг задлан шинжилгээнд огт оруулаагүй байсны зэрэгцээ цогцос удаан хугацаанд доошоо харж байсны улмаас хугарсан хэмээн хавтаст хэрэгт нь тэмдэглэсэнд гомдолтой байна. Миний дүү захирлаасаа 12,000,000 воны цалингийн авлагатай тухайгаа тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байсан. Тэр мөнгийг өгөхгүйн тулд л дүүгийн минь амь насыг хөнөөсөн байх. Өмнө нь 2020 оны гуравдугаар сард талийгаач дүү маань манай захирал намайг ингэж зодлоо хэмээн маш аймшигтай байдалтайгаар видео калл хийх үед нь бид скрийншот хийж авч байсан.
Ажилтныхаа цалинг тавьдаггүй, тэгсэн мөртлөө хэрцгийгээр зоддог тэрхүү Солонгос захирлын нэрийг Ким Мин Сонг гэдэг. Харамсалтай хүний нутагт хараар амьдарч байсан гэдэг үндэслэлээр дүүгийн минь амь нас хохирсон хэрэг гадны нөлөөгүй гэдэг үндэслэлээр хаагдах гэж байна” хэмээн мэдээллээ.