Хөгжлийн банктай хэлхэлдэж, хамаарал бүхий компаниараа зээл авсан гишүүдийн нэрс тодроод хэдэн сарын хугацаа өнгөрөв. Зээл авчихаад сохор зоосны ч эргэн төлөлт хийгээгүй компаниудын ард улс төрийн нөлөө бүхий эрхмүүд байгааг ч ил болгоод удлаа.
Удтал дуншсан дуулиан эцэст нь дөрвөн гишүүний асуудлаар өндөрлөх бололтой. Авлига, албан тушаалын хэрэгтэй эвлэрэхгүй, намын нөхөд байсан ч хатуу тэмцэх болно хэмээн ам гарч байсан МАН-ын удирдлагууд эцэст нь Хөгжлийн банкны дуулианыг өрсөлдөгчөө зайлуулах зэвсэг болгон ашиглаж эхэлсэн нь энэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монголд зохиолгүй хэрэг гэж байдаггүй. Өмнө нь Ц.Элбэгдорж зохиол бичиж байсан бол өнөөдөр хүн нь өөрчлөгдөж” хэмээсэн нь бий. Үнэхээр ч Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид хийгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар нь асуудлыг авч хэлэлцвэл парламентад суугаа гишүүдийн олонх нь дээлээ нөмөрнө.
Наанадаж, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нартай хамтдаа зээл авсан Г.Дамдинням сугарсан нь дээрх хардлагыг улам бататгаад байгаа юм.
Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нөхдийн жагсаалтад гэнэт нэмэгдсэн хүн нь Ё.Баатарбилэг. Түүнийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс хахууль авсан асуудлаар шалгаж байгаа хэмээж буй.
“60 тэрбум”-ынхан гэх МАН доторх бүлэглэлд багтдаг Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банк хэмээх чулуугаар шидэж, зайлуулахаар шийджээ гэх намын гишүүдийнх нь үг ч бий.
Үнэхээр ч Хөгжлийн банкны кампант ажил нь “60 тэрбум”-ын хэрэг шиг сонгууль угтсан ээлжит дуулиан болох нь тодорхой боллоо. 2017 оноос хойш Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материал хэдэн жил Л.Оюун-Эрдэнийн шүүгээнд хадгалагдаж, тоосонд дарагдсан.
Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагад асуудлыг тавьсан гэх боловч ахиц гараагүй нь олон нийтэд ил болгосон баримтаас илт. Эцэст нь улсын хөгжлийн түлхүүр, тулах багана болох учиртай Хөгжлийн банк улстөрчдийн нэгнийхээ намнах бороохой болж, үндсэн үүрэг зорилго нь бүдгэрэв.
2024 оны сонгууль хаяанд байна. Хэнийг хаана нэр дэвшүүлэх үү гэх хөдөлгөөн хэдийнэ МАН-д өрнөж эхэлсэн. Тиймдээ ч 2024 оны сонгуулийг чиглэж, нэр дэвших хүмүүсээрээ шатар нүүж эхэлсэн нь энэ. Бодит жишээ нь Ё.Баатарбилэг.
Нэгдүгээрт “Миеэгийн фракц”-ийг улс төрөөс шахан гаргахын тулд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан нөхдийг, хоёрдугаарт АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгон өндийлгөхгүйн тулд Женкотой холбоотой бүхнийг шахан зайлуулах арга хэрэгсэл нь “Хөгжлийн банк” болж хувирсан нь ойрын өдрүүдийн үйл явдлаас илхэн. Д.Эрдэнэбилэгийг хадны мангаа мэт болгон дүрсэлж, өмч хөрөнгийг нь дур зоргоороо хурааж байна. Мөн дээрх хоёр шалтагт яв цав нийцэх хүн нь Ё.Баатарбилэг.
Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан 32-ын нэг гэдгийг улс төрд ойрхон хүмүүс андахгүй. Тэр асуудлаас болж, өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой “түр тар” хийгээд авсныг нь ч санаж байгаа байх.
Харин Женкотой холбогдох сэжүүр нь Ц.Баатарбилэг. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж, хандив өргөж явсан нэгэн. Харин Ё.Баатарбилэг, Ц.Баатарсайхан нар найзууд. Үүнийгээ ч Ё.Баатарбилэг олон нийтэд хэлнэ билээ.
Нэг сумаар хоёр туулай буюу М.Энхболдын нам доторх жигүүрийг тасдаж, 2024 оны сонгуулиар цахиур хагалж мэдэх Х.Баттулгад сануулга өгөх гэсэн улс төрийн драм үргэлжилж байна.
Драм олны анхаарлыг татах тусам хэнийг ч татан оролцуулж, золигт гаргаж мэднэ...
ЭХ СУРВАЛЖ:tumen.mn