Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нэр бүхий дөрвөн гишүүнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буйтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан.
Ингэхдээ Ерөнхий прокурор та “өөрийнхөө шууд удирдлага дор ажилладаг байсан олон охид, бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, гэрийнхээ үйлчлэгчээр ажилладаг байсан эмэгтэйг хүчиндсэн хэрэгт нэр холбогдож, улмаар яллагдагчаар татагдаад байгаа Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал”-ыг яагаад УИХ-д оруулсангүй вэ.
Ц.Анандбазарыг цагдаагийн бие бүрэлдэхүүн бүхэл бүтэн долоон сарын турш шалгаж, 70 гаруй гэрч, хохирогчоос авсан мэдүүлэг, холбогдох нотлох баримтын үндсэн дээр ажилтан охиддоо бэлгийн дарамт үзүүлсэн болохыг тогтоож, Нийслэлийн прокурорын газраас Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоолыг 2021 он 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдчихээд байхад та түүнийг хаацайлж, хамгаалсаар байгаагийн цаад шалтгаан яг юу юм бэ хэмээн танаас асуумаар байна.
Тэгж яривал Ц.Анандбазар өөрийнхөө “Содмонгол групп” ХХК-аар Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иен буюу 17.4 тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ зориулалтын дагуу ашиглаагүй нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дунд дурайгаад байж байгаа.
Хэрвээ Ц.Анандбазараас өөр хариуцлагатай нэгэнд Хөгжлийн банкны тэр зээл очсон бол Монгол Улс өнөөдөр Тос, тосолгооны үйлдвэртэй болчихсон, гадаад руу урсаж буй асар их валютын тодорхой хувийг эх орондоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээр орлуулаад л байж байх ёстой байсан шүү дээ.
Гэтэл ард иргэдийнхээ боломжийг хулгайлж, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглахгүйгээр “хүүлж” байгаад түүнийгээ нэг шөнийн дотор буцаан төлсөн Ц.Анандбазарыг та яагаад хариуцлагаас мулталж өнгөрөөгөөд байгаадаа үндэслэлтэй хариу тайлбар өгөх ёстой.