Баримт 1. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын ажлаа өгөхийнхөө яг өмнө буюу УИХ-ын гишүүний тангараг өргөхөөсөө 4 хоногийн өмнө БЗД-ийн 11-р хороонд 21 иргэн, ААН-д газар эзэмших зөвшөөрөл олгосон байна. Түүний дотор төрсөн ах С.Ганбатынхаа "Өү Юу Жи Си Си Си Си" ХХК-д 65 мянган га газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгожээ. Гэвч тухайн газрыг хашаалснаас, цэцэрлэгт хүрээлэн байгуулсангүй. Харин тухайн газарт он удаан жил амьдарч байгаа айлууд өдгөө гэр, хашаагаа нүүлгэх хэмжээнд хүрээд байна.
Баримт 2. Баян-Өлгий аймаг дахь вольфрамын "Ховд голын уурхай"-г сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганболд АНУ-ын иргэн, МУ-д хөрөнгө оруулагч Жеймс Баураас худалдаж авсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Тухайн худалдах, худалдан авах ажиллагааг "Оюуны ундраа групп"-ийн ТУЗ-ийн дарга, сайд С.Амарсайхан батлан дааж, гэрээнд гарын үсэг зуржээ.
Жеймс Баур төлбөрөө авч чадаагүй учраас Арбитрын шүүхэд хандсан ба шүүх түүний талд шийдвэр гаргажээ. Арбитрын шүүхийн шийдвэрийг МУ-ын шүүх баталгаажуулах ёстой бөгөөд энэ дагуу Хан-Уул дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргасан байна.
Шүүхийн шийдвэр ёсоор С.Амарсайхан, түүний ах С.Ганболд нар АНУ-ын иргэн Жеймс Баурт гэрээнд заасан 2 450 000 доллар, арбитрын шүүхийн үйл ажиллагааны төлбөр болох 817 024 доллар, төлбөр төлөгдөх хугацааны хүү 77 227 доллар төлөх үүргийг хүлээлгэн, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
Нэвтрүүлгийг үзэх: https://www.facebook.com/Tsahiur.mn/videos/432581485341833