ВЕРНЕР ТЕЙНЕРТ
(1940-2022 )
Бидний хайрт ах, аав, өвөө Вернер Тейнерт 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, хамт олон болон Монголын мал эмнэлгийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолдлоо.
Вернер Тейнерт нь 1940 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Герман улсын Бреслау хотын Брокау дүүрэгт айлын ганц хүү болон төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж, 1946-1954 онд Кемниц хотын дунд сургууль, 1954-1958 онд Карл-Маркс хотын Фриедрих-Энгельсийн ахлах сургуулийг дүүргэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1958-1960 онд Герман улсын Үндэсний ардын армид хугацаат цэргийн алба хааж, 1960-1966 онд Лейпциг хотын Карл-Марксын нэрэмжит их сургуульд 11 семестрт суралцаж, малын их эмч мэргэжил эзэмшсэн. Улмаар 1966-1967 онд Лейпциг хотын Мокрена дүүрэгт малын эмчийн туслах болж, 1967 оны 5 дугаар сарын 1-нд малын их эмчийн эрхээ амжилттай хамгаалсан билээ.
1967 онд Ейленбург хотын Добершутц мужын малын их эмчээр ажлын гараагаа эхэлж, тасралтгүй 11 жил ажилласан. 1978-1986 оны хугацаанд тус хотын мал эмнэлгийн даргын хариуцлагатай албыг хашиж байв.
Тэрээр 1986 онд эдийн засгийн харилцан туслах орнуудын хамтын ажиллагааны хүрээнд БНМАУ-д “Малын эктопаразиттай тэмцэх” төслийг хэрэгжүүлэхээр ирсэн. Түүнээс хойш Монголын мал эмнэлгийг хөгжүүлэх үйлсэд 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан юм. Ингэхдээ монгол малыг эрүүлжүүлсэн, Монголын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан анхны шилдэг мэргэжилтэн байлаа.
Вернер Тейнерт нь 1990-1991 онд Германы хөгжлийн хамтын ажиллагааны агентурт (DAZ) төслийн удирдагч, 1992-1998 онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) шугамаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн яаманд төслийн удирдагчаар тус тус ажиллаж байв. Энэ хугацаанд Монголын мал эмнэлэгийн салбарыг хувьчлахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрээр 1998 оноос 2004 он хүртэл Монгол эмч нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг удирдан Монголын мал эмнэлгийн холбооны гадаад харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байв. Мөн 2004-2006 онд Европын холбооны “Хөдөө аж ахуйн үйлчилгээг хөгжүүлэх” төслийг удирдсан ба үүний зэрэгцээ Монгол орны цаа бугын тоо толгойг өсгөхөд идэвхийлэн ажиллаж, өвчлөлийг судлан эмчилгээний үр дүн гаргаж Монгол Улсыг анх удаа 1000 цаа бугатай болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Вернер Тейнер нь зөвхөн мал эмнэлгийн паразитологичоос гадна халуун орны хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн, орос хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшиж, франц, португал, англи, монгол хэлний мэдлэгтэй, салбарынхаа шилдэг мэргэжилтэн байлаа.
Вернер Тейнертийн хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын “Найрамдал медаль”, Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан, Улс хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдаж байв.
Вернер Тейнерт маань хань ижилдээ халамжтай, үр хүүхэддээ энэрэлтэй, ах дүү хамаатан садандаа өмөг түшигтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, үнэнч шударга зантай, үргэлж хошин зангаар бусдыг инээлгэж, аз жаргал бэлэглэгч нэгэн байсан юм.
Түүний минь гэгээн дүр, ажилч хичээнгүй зан чанар үр хүүхэд, хань ижил биднийхээ зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Мөнх тэнгэрийн орондоо амгалан нойрс доо.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
2022.05.09