Дорнод аймаг дахь Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга Намхайн Энхболд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн жинхэнэ алба хаагчийг доромжлон хохироосоор байгаа ноцтой мэдээлэл “НУУЦ МАТЕРИАЛУУД” нэвтрүүлгийн багт ирлээ.
Хөдөө аж ахуйн дээд сургуулийн механик инженерийн мэргэжлээр дүүргэсэн Намхайн Энхболд хэмээх хүн 2015 оны есдүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Стандарчилал, хэмжил зүйн хэлтсийн даргаар томилогдон очжээ.
Тэрбээр ажлаа авсныхаа дараа хуульд заасан стандарт шаарлагыг хангахгүй байгаа “Восток” хэмээх ресторанд тохирлын гэрчилгээг олго хэмээн шинжээч Б-г шахсан байдаг. Шинжээч Б “Восток ресторан хоолны газруудад тавигддаг стандарт шаардлагыг хангаж чадахгүй байна. Нэгэнт хууль журамд заасан стандартыг хангаж чадахгүй байгаа тохиолдолд Тохирлын гэрчилгээг олгох боломжгүй” гэдэг хариуг өгмөгц “Би чамд яг одоо Тохирлын гэрчилгээг олго гэж хэлж байна. Чи муу аятайхан байгаарай. Ер нь чиний хэрэг энэ байгууллагад байхгүй. Би одоо Мөнхцэцэгийг шинжээч болно” гэж занан сүрдүүлсэн байдаг.
Улмаар хууль бус шаардлагыг нь биелүүлээгүйнх нь төлөө шинжээч Б-д 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Б/07 дугаартай тушаалаар цалинг нь нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оноосон байдаг. Уг сахилгын шийтгэлийнхээ үндэслэл хэсэгт “Баталгаажуулалтын шинжээч Б нь захирах, захирагдах ёс, албан үүргээ биелүүлээгүй зөрчлийг удаа дараа гаргасан тул” хэмээн цагаан дээр хараар бичсэнийг холбогдох баримтаас та бүхэн харна уу.
Намхайн Энхболд нь “Хуульд заасан стандарт шаардлагыг хангаагүй мөртлөө Тохирлоо гэрчилгээ авах хүсэлтээ Стандарчилал, хэмжил зүйн хэлтэст гаргасан өөрийн танил тал, найз нөхөд хүмүүстээ тохирлын гэрчилгээг бичиж өг гэж шинжээч Б-г байнга шахан дарамтлах болсон бөгөөд хууль журамд заасан шаардлагыг хангаагүй байгууллагад тохирлын гэрчилгээ олгох боломжгүй гэснийх нь төлөө сахилгын арга хэмжээ тооцож дарамталдаг” байжээ.
Мэргэжлийн бус атлаа МАН-ыг дагаж, дамжиж томилогдсон Намхайн Энхболд дарга өргөсөн тангарагаа шударгаар сахиж, төрийн ажлыг хууль журмынх нь дагуу гүйцэтгэсээр ирсэн шинжээч Б-г хамт олноос нь тусгаарлах, хавчин гадуурхах ажлыг тасралтгүй хийж эхэлсэн бөгөөд 2017 оны есдүгээр сарын 21-нд захирах, захирагдах ёсыг зөрчсөн гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оноосон байна.
Улмаар хууль бус шаардлага шахалтыг нь биелүүлээгүйн төлөө 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Б/20 тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.
Тушаалын үндэслэл нь захирах, захирагдах ёсыг удаа дараа зөрчсөн, төрийн албан шалгалтад ороогүй гэдэг үндэслэлээр чөлөөлснийг та бүхэн харж байна. 2000 онд төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон хүнийг 17 жилийн дараа ийм увайгүй үндэслэлээр халсныг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан үзээд шинжээч Б-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааных нь цалинг нөхөн олгуулах, ажилд нь буцаан томилуулах шийдвэрийг гаргажээ.
Гэвч Намхайн Энхболд өс хонзонгоо тавьсангүй. Тэрбээр шинжээч Б-г 2019, 2021 онуудад мөн л хууль бусаар ажлаас нь халж хохироосон байна.
Аз болоход Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх Н.Энхболдын дур зоргоороо авирлаж байгааг таслан зогсоож, тухай бүрд нь төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан болохыг тогтоож эгүүлэн ажилд нь томилох шийдвэр гаргасан байдаг юм.
Намхайн Энхболд дарга нь сар гарны өмнө Стандартчилал, хэмжил зүйн газрын туг цэнгүүлэх ёслол хэмээн зан үйлийг хийж, төсвийн мөнгөөр аймаг сум дамжин архидан согтуурч байсныг бид илчилж байлаа.
Н.Энхболд хэмээх МАН-ын зүтгэлтэн өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй “өгзөг” хочит Д.Одбаярын дэмжлэгээр 2001 онд Дорнод аймгийн хөдөлмөрийн газрын даргаар томилогдож байжээ.
Тэрбээр Дорнод аймгийн "Дорнод" сонины 2017.01.10-ны №1 (564) дугаарт өгсөн ярилцлагадаа “Төрийн ажил ч гэлээ, намын харьяаллын юм явж л байдаг хойно. 2001-2005 онд Одбаяр даргын үед Хөдөлмөрийн албаны даргаар томилогдож байсан. 2004 оны сонгуулийн дараа 2 нам хамтарсан Засгийн газар байгуулж Орон нутгийн Хөдөлмөрийн алба, халамжийн төвүүдийг нэгтгэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болгож бүтцийн өөрчлөлт хийснээр Очирын Энхболд бид хоёр Даваа ахад \\одоо Шинь Шиньд ажиллаж байгаа\\ 2005 оны хоёрдугаар сарын 22 нд ажлаа хүлээлгэж өгч байсан. Тэгэхэд ажилгүй удаан суугаагүй ээ. Сар гаруйн дараа Жанлав дарга дуудаж хот тохижилтын чиглэлийн ОНӨҮГ байгуулах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсныг танилцуулаад даргаар нь ажиллах санал тавьсан. Тэр саналыг хүлээж аваад “Чойбалсан хөгжил” Орон нутгийн өмчит газрыг шинээр байгуулж, даргаар нь томилогдож байсан” хэмээн ил цагаан ярьсан байдаг юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Н.Энхболд даргатай утсаар холбогдож, хариу тайлбар хүсэхэд "Шинжээч Б нь төрийн албаны шалгалт өгөхгүйгээр 2000 онд томилогдсон байсан тул би 2017 онд ажлаас нь чөлөөлсөн. Стандарт шаардлага хангахгүй байгууллагад тохирлын гэрчилгээ олго гэж шахаж шаардсан зүйл байхгүй" гэв.
Энэхүү нийтлэлийг хийх явцад Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газрын зарим нэг хүмүүстэй холбогдож мэдээлэл авахад нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж:
... Намхайн Энхболд Дорнод аймгийн хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа бөөн мөнгө, хүүхэн дунд умбаж байсан талаараа бидэнд сайрхан ярьдаг. Миний хөргөгч пиво, архиар үргэлж дүүрэн байдаг байсан. Би Дорнод аймгийн Халамжийн газрын даргаар ажиллах байх хугацаанд миний хоёр ч ажилтан миний хүүхдийг төрүүлсэн гэж Н.Энхболд дарга ярьж байсан...
гэсэн ноцтой зүйлийг хэлллээ. Ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийлэл үйлдэж, ажилтнаа жирэмсэн болгосон гэх асуудлыг нь Н.Энхболд даргаас өөрөөс нь тодруулахад "Би Монголын төрд 22 жил ажиллаж байгаа. Тийм муухай зүйл хийсэн удаа надад огтоос байхгүй" гэдэг няцаалт өглөө.
Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжлан хүргэх болно.