“Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрах 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр 153-21 дугаартай албан бичгээр Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад хаяглан гомдол гаргасан байдаг.
Уг гомдолдоо “... Салхит тендерт Аглаг хангайн уулс ХХК үнэнч шударгаар оролцон шалгарч, Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байгаа болно. Гэвч Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн нэр бүхий удирдлагуудын зүгээс биднийг ажлаа хэвийн явуулах боломж олгохгүй дарамтлан сүрдүүлсээр 1,283,000,000 (нэг тэрбум нэг зуун наян гурван сая төгрөг)-ийг биднээс гаргуулан авсан.
Энэ асуудлыг шалгуулахаар 2021 оны зургадугаар сард Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн ТУЗ-д албан бичгээр хандахад бидний гаргасан гомдлыг шалгаагүй төдийгүй нуун дарагдуулсан байсан.
Бидний хийсэн ажлыг Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн удирдлагууд үндэслэлгүйгээр үгүйсгэж, хулгайч хэмээн нэрлэн гүтгэдэг. Ганц жишээ хэлэхэд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн зүгээс бидэнд нэг бүр нь 20,000 төгрөгийн үнэтэй 6754 ширхэг шуудай нийлүүлсэн мөртлөө тус шуудай чинь чанарыг шаардлага хангахгүй байна” хэмээн бидэнд 0 үнэлгээ өгсөн гэх зэргээр маш ноцтой асуудлыг хүргүүлснийг та бүхэн харна уу.
Бид маш ноцтой энэхүү асуудлаар хариу тайлбар авахаар “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярмөнхтэй холбогдоход “Манай компанийн ТУЗ дарга болон гишүүд бүрэн өөрчлөгдөж, тухайн үеийн удирдлагууд нь ажлаа өгсөн тул энэ талаарх ямар ч баримт мэдээлэл манайд байхгүй” гэдэг байж боломгүй хариуг өгсөн юм.
Эрдэнэс силвер ресурс ХХК бол Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордод түшиглэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компани мөн.
Тус компанийн захирал, удирдлага нь солигдлоо гээд Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн үйл ажиллагааг баримтжуулсан цаасан суурьтай архивын баримт мэдээлэл, санхүүгийн баримт материал устаж үрэгдэнэ гэж байхгүй.
Тэгэхээр илт авлигын шинжтэй энэхүү хэргийг нуун дарагдуулах гэж оролдож буй С.Баярмөнх захирлын энэхүү үйлдэл нь “Аглаг хангайн уулс” ХХК-ийн удирдлагуудыг дээрэмдсэн асуудалд ямар нэгэн сэжүүрээр холбоотой байж болзошгүй гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм.
Тухайлбал “Аглаг хангайн уулс” ХХК-ийн удирдлагын зүгээс гаргасан маш ноцтой гомдлыг нуун дарагдуулсан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд С.Баярмөнх захирал нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, сар бүр 840,000-2,000,000 төгрөгийн цалинг олгох замаар компанидаа 143.6 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогдсон байдаг.
Эрдэнэс силвер ресурс ХХК-иас хууль бусаар цалин урамшуулал авдаг мөртлөө ажлаа зохих ёсоор нь хийдэггүй ТУЗ-ийн есөн гишүүний нэр олон нийтэд ил биш байдаг бөгөөд тэдний нэг нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч А.Энхзул гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
Мөн С.Баярмөнх захирал сард 7,000,000 төгрөгийн цалин авдаг атлаа өөртөө хөлсөөр ажиллах гэрээнд заагдаагүй унаа, хоолны хөнгөлөлт хэмээн 3,645,000 төгрөгийг бодож өөртөө олгосон "мөнгөний ашиг сонирхолтой" нэгэн юм.
Эрдэнэс силвер ресурс ХХК монгол улсын нийт ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэсэн хэмээн сайшаагдаж, тус компанийн анхны захирал Т.Мөнхбаяр “Хөдөлмөрийн баатар” гэх цолоор шагнагдаж байсан цаг саяхан боловч тус компанийн удирдлагуудтай холбоотой булхай луйвар, авлигын хэргүүд гэнэт сөхөгдөж АТГ-т шалгагдах болсон.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Салхитын мөнгөний ордоос гарч буй баяжмалын тн тутмаас 80 ам.долларыг хувьдаа авч, хагартлаа баяжиж буй асуудлыг иргэн Ш.Мөнгөншагай өнгөрсөн хавар олон нийтэд илчилсэн.
Х.Баттулгын “гарын хүн” гэгддэг Т.Мөнхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдон шалгагдаж ажлаа өгсөн даруйд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан С.Баярмөнх “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д ирсэн нь ч бас санамсаргүй зүйл биш биз.