Н.ЭНХБАЯР ЦОЧИР БАРИМТ ДЭЛГЭСЭН НЬ
БНХАУ-ын дарга Зян Земиний Монголд хийж буй төрийн дээд хэмжээний айлчлалын хоёр дахь өдрөө үргэлжилж байлаа. Эхний өдөр Ерөнхийлөгч Н.Багабанди Зян Земин даргыг хүлээн авч уулзсан бөгөөд айлчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Ж.Наранцацралт гол яриа хэлэлцээрүүдээ Зян Земин даргатай хийх албан ёсны төлөвлөгөөтэй байв.
Гэтэл айлчлалын хоёр дахь өдрийн өглөө буюу 1999 оны долдугаар сарын 14-ны өдрийн 11.00 цагт УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хэд хэдэн дагуулуудаа дагуулсаар “Төрийн ордон”-д сүр дуулиантайгаар орж ирэв.
Тэгмэгцээ Н.Энхбаяр гишүүн “Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг нэн даруй чуулганы танхимд дууд. Улс орны хувь заяатай холбоотой асуудлыг бидэнд мэдэгдэхгүйгээр шийдсэн талаараа тайлбар өгөхийг шаардаж байна” хэмээн чангаар хэлсэн нь төрийн ордны сурвалжлагчдын анхаарлыг гойд ихээр татжээ.
Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг орж ирмэгц Н.Энхбаяр гишүүн “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын тал ердөө 240,000 ам.доллараар хувьчилж байгааг та яагаад бидэнд хэлсэнгүй вэ. Та ямар эрхтэй гэхээрээ ОХУ-ын төрийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Зарубеж цветмет нэгдэлд 240,000 ам.доллараар зарж байгааг Монголын Засгийн зөвшөөрч байна” гэсэн бичиг явуулсан юм. Тийм хямдхан үнээр хувьчилж байхад Монголын Засгийн газар худалдан авахгүй яасан юм хэмээн хэлсэн нь чуулганы танхимд бөөн шуугиан дэгдээв.
“Эрдэнэт үйлдвэрийн Оросын талд ногдох 49 хувийг ердөө 240,000 ам.доллараар худалдан авахаас Монголын Засгийн газар татгалзлаа гэж үү” хэмээн УИХ-ын гишүүнд хоорондоо шивэр авир хийцгээж, чухам юу болоод байгааг бушуухан мэдэхээр үймэцгээж эхлэв.
Ерөнхий сайд Ж.Наранцацралт Н.Энхбаярт хандан “Та чухам юун талаар яриад байгааг би нэг л ойлгохгүй байна” гэх бөөрөнхий хариуг өгмөгц Н.Энхбаяр гишүүн энэ, энэ бичиг чинь юу юм бэ хэмээн нэг хуудас цаасыг олон нийтэд харуулж, тулган асуусан нь Ж.Наранцацралт гуайг төдийгүй, эрх баригч МҮАН-МСД эвслийн гишүүдийг “Шок”-нд оруулав.
(Тус албан бичгийг 1999 оны долдугаар сард хэвлэгдсэн Монголын өдөр тутмын бүх сонингуудаас та бүхэн харж болно.)
Тус албан бичиг нь ямар нэгэн албан дугааргүйн зэрэгцээ, огноог нь баллаж сохолсон байх боловч түүн дээр зурсан гарын үсэг нь Ерөнхий сайд Ж.Наранцацралтынх мөн байлаа.
Уг албан бичигний арын хуудасны баруун доод өнцөгт ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны буриад ажилтны гарын үсэг, дардас байсан нь уг албан бичиг албан ёсных мөн болохыг нь мөн нотолж байлаа.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн 21 дүгээр зүйлд Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг эзэмшигч нь өөрт ногдох хувьцаагаа өмчлөх юм уу бусдад шилжүүлэх тохиолдолд худалдах тухай саналаа нөгөө талдаа эхэлж санал болгоно хэмээн заасан байдаг аж.
Хэрвээ ОХУ Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг 240,000 ам.доллараар бусдад хувьчлах гэж байгаа бол юун түрүүнд Монголын Засгийн газарт уг үнээр зарах гэж буйгаа танилцуулж, улмаар Монголын тал худалдан авахаас татгалзсан тохиолдолд уг үнээрээ бусдад худалдан борлуулах ёстой байж л дээ.
УИХ-ын гишүүд тэр өдөр нэн яаралтай горимоор хуралдаан зарлаж, Ж.Наранцацралтын ОХУ руу илгээсэн албан бичигтэй холбоотой асуудлыг нэн хурцаар хэлэлцсэн бөгөөд БНХАУ-ын дарга Зян Земиний төрийн дээд хэмжээний айлчлалыг хэн ч анхаарах сөхөөгүй болсон тул тэр Зян дарга тэр өдөртөө буцан нисчээ.
УИХ уг асуудлыг шуурхай горимоор хэлэлцэх үед ТӨХ-ны даргын албан тушаалаасаа буугаад тун чиг удаагүй байсан З.Энхболд Ж.Наранцацралтын ил болсон захидалтай холбоотойгоор үүсээд байгаа асуудлын учир шалтгааныг тайлбарласан ярилцлагыг хэвлэлд өгөв.
Тэрбээр уг ярилцлагадаа “Оросын тал Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийг илтэд зөрчиж, 1994 онд Зарубеж цветмет нэгдэл хэмээх хувийн хэвшилд 240,000 ам.доллараар хувьчилсан байсныг би анх мэдсэн.
Зарубеж цветмет нэгдлийнхэн Эрдэнэт үйлдвэрийн Советын хуралд намайг ТӨХ-ны даргаар ажиллаж байх үед ирэхэд нь та нар ОХУ-ын төрийн өмчийн хороог төлөөлж буйгаа нотолсон албан бичгээ үзүүл гэхэд үзүүлээгүй тул би тэднийг Советын хуралд оролцуулалгүй буцаасан” хэмээн ярьсан нь З.Энхболдыг ардыг баатар болгож, харин Ж.Наранцацралтыг эх орноосоо урван тэрслэгч болгон хувиргалаа.
УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтайван “... эх орноосон урвасан Ж.Наранцацралтын толгойг тасдаж, З.Энхболдод баатар цол олгоё...” хэмээн хашхиран цамнаж байсан гэхээр тус чуулган ямар их дуулиан шуугиантай өрнөснийг харуулдаг юм.
Ерөнхий сайд Ж.Наранцацралтын уг захидалд “ОХУ Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг Зарубеж цветмет нэгдэлд хувьчилсныг Монголын Засгийн газар дэмжиж байна” гэсэн утга агуулгатай байсныг УИХ-ын гишүүд машид буруушааж, 1999 оны долдугаар сарын 14-ний өдөр баталсан тогтоолоороо Ж.Наранцацралтын Засгийн газарт хугацаатай үүргийг өгчээ. Үүнд:
- Ж.Наранцацралтын ОХУ руу явуулсан албан бичиг нь Засгийн газрын байр суурь биш бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Зарубеж цветмет нэгдэлд хувьчилсан нь Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийг илтэд зөрчсөн үйлдэл мөн гэсэн Засгийн газрын тогтоолыг нэн даруй гаргаж, ОХУ руу илгээх
- Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг 240,000 ам.доллараар ОХУ хувьчлах гэж байгаа бол түүнийг нь Монголын тал худалдан авах саналыг хүргүүлэх
- Энэ тухайгаа УИХ-д маргаашийн чуулганд эргэн танилцуул гэсэн байдаг.
УИХ-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ж.Наранцацралтын Засгийн газар яаралтай горимоор хуралдаж ОХУ руу шинээр албан бичиг явуулсан боловч УИХ-аас өгсөн үүрэг чиглэл, агуулга тус албан бичигт нь яагаад ч юм бүрэн хангалттай тусаагүй байдаг юм.
Ж.Наранцацралт гуай “Би Монгол Улсынхаа эсрэг ажиллана гэж байхгүй. Би тийм бичигт гарын үсэг зурснаа ч санахгүй байна. Тус албан бичиг дээр байгаа гарын үсэг минийх мөн байна. Ерөнхий сайдаас гарах аливаа албан бичгийг миний туслах Ж.Оджаргал компьютерт бичдэг байсан. Яагаад миний гарын үсгийг юу нь мэдэгдэхгүй бичиг дээр зурагдсан шалтгааныг түүнээс тодруул. Миний туслахын компьюьерийг шалга” хэмээн хэлсэн боловч түүнийг нь хайхарч анхаарах хэн ч байсангүй.
Ерөнхий сайд Ж.Наранцацралтад сөрөг хүчин МАХН төдийгүй, тухайн үед эрх барьж байсан МҮАН, МСДН-ын эвслийн гишүүд хүртэл голдоо ортол гомдож байсан нь тухайн үеийн өдөр тутмын сонинуудын шарласан хуудсанд маш тодорхой бичигдэн үлдсэн байдаг.
Ж.Наранцацралт гуай “Намайг хэлмэгдүүлж байна. Би тийм бичиг үйлдээгүй” хэмээн хэлсээр байсан ч уг асуудал талд гарсан түймэр лугаа адил маш хурдан өндрөө аван үргэлжилж, Ж.Наранцацралтын Засгийн газрын зургаан сайд “Бид эх орныхоо эсрэг ажилласан Ж.Наранцацралттай үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй. Тиймээс огцруулж өгнө үү” гэсэн албан бичгийг УИХ-д өргөн барьснаар 1999 оны долдугаар сарын 18-ны өдөр Ж.Наранцацралтын Засгийн газар огцорч байв.
Тухайн үед улс орноороо донсолж буцалсан ээдрээ түвэгтэй энэ хэргийг 23 жилийн дараа эргэцүүлэн бодоход асуудлын дүр зураг арай өөрөөр харагддаг.
Нэгдүгээрт, ОХУ Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг Зарубеж цветмет нэгдэлд 240,000 ам.доллараар хувьчилсан асуудал 1994 онд П.Жасрай гуайн Засгийн газрын үед хийгдсэн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг Зарубеж цветмет нэгдлийнхэн хувьчилж авсан тухайгаа “Зарубеж цветмет нэгдэл” -ийн удирдах албан тушаалтнууд 1994 оны наймдугаар сарын 08-ны өдөр Монгол ирж Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигжид, Сангийн сайд Д.Даваасамбуу, Худалдаа үйлдвэрийн сайд Ц.Цогт, Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан, Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбиш нарт биеёлэн танилцуулсан байдаг аж.
Оросын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг 240,000 ам.доллар бусдад хувьчилсан шүү гэж хэлэхэд П.Жасрай гуайн Засгийн газар огт тоохгүй байсанд оросууд маш гайхжээ. Улмаар “Зарубеж цветмет” нэгдлийн удирдлагууд 1995 оны долдугаар сарын 19-ний өдөр 44-6/523 дугаартай албан бичгээр “Оросын тал Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг 240,000 ам.доллараар бидэнд хувьчилсан” гэдэг албан бичгийг Эрчим хүч, геологи, уул уурхайн дэд сайд Д.Амгалан руу албан бичгээр дахин ирүүлэхэд мөн адил тоогоогүй бөгөөд П.Жасрай гуайн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 51 хувийнхаа 20 хувийг нь хувьчлах тухай Засгийн газрын 178 тоот тогтоолыг сөргүүлэн гаргажээ.
Тухайн үед П.Жасрай гуайн Засгийн газар “Зарубеж цветмет” нэгдлээс ирүүлж байгаа албан бичгийг огтоос тоохгүй байсан нь “Оросын тал өөрт ногдох хувиа хувийн хэвшилд зарсан бус зүгээр хариуцаж байгаа төрийн байгууллага нь солигдож байгаа юм байна” ойлгосноос үүдэлтэй байж.
Хоёрдугаарт, Оросууд Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувийг нь авлигач түшмэд нь сэм тохиролцож байгаад 240,000 ам.доллараар Зарубеж цветмет нэгдэлд хувьчилсныг өөрсдөө ч мэдээгүй байж.
ТӨХ-ны дарга З.Энхболд 1997 оны гуравдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын ТӨХ-ны дарга Альфорд Рейнгольдовичид явуулсан албан бичгийг хүлээн авмагцаа л хууль бус хувьчлал явсныг анх мэдсэн байх бөгөөд тус хувьчлалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ тус улсын Ерөнхий прокурор нь Улсынхаа Дээд шүүхэд 1999 онд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэг З.Энхболдын энэхүү албан бичгийг хавсаргасан байжээ.
Гуравдугаарт, Зарубеж цветмет нэгдлийнхэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан учраас шүүхийн шийдвэрийн дагуу зүгээр нэг буцаагаад өгөхийг хүсэхгүй нь мэдээж. Тийм ч учраас уг хувьчлал хууль ёсны дагуу 1994 онд хийгдсэн шүү гэдгийг нотлох баримтыг Ж.Наранцацралт гуайгаар нэг бол зуруулсан, эсвэл түүнийг гарын үсэг бүхий хоосон албан бланк дээр хэн нэгэн эх орноосоо урвагчийн гар хөлөөр дамжуулан хуурамч бичиг үйлдүүлж авсан байж таарахаар байгаа юм.
Дөрөвдүгээрт, Оросууд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын асуудлыг олны анхааралд оруулахын тулд тухайн үед сөрөг хүчин байсан МАХН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхбаярыг ашигласан бөгөөд энэхүү үйлдлээрээ Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан асуудалд өөртөө ашигтай шийдвэрийг гаргуулах, мөн Зян Земиний Монголд хийж буй айлчлалыг бусниулах гэдэг хоёр том ажлаа амжилттай гүйцэтгэсэн байна.